ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 414,6 КИЛОМЕТР  ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ

Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг 3 үе шаттайгаар барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатанд баригдах 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан. 
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан.

Төслийг хэрэгжүүлэгч:

          Ерөнхий захиалагч - “Монголын Төмөр Зам” ТӨХК 
          Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч –  Монгол Улсын  Зэвсэгт Хүчний Жанжин Штаб 
          Төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгч - “Улаанбаатар Төмөр Зам” ХНН
          Төслийн хяналтыг гүйцэтгэгч - “Тавантолгой Төмөр Зам” ХХК

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд баригдах бөгөөд төмөр замын урт нь 414.6 км үргэлжлэх бөгөөд 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдана.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газрууд нийт 37 байна. Үүнд Тавантолгойн нүүрсний орд, Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говь зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий баялаг байна. Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолоод байна.

Эдийн засгийн үр ашиг:

  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсоноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсгөн тээвэрлэлтийн зардлыг бууруулах, цаашлаад БНХАУ, ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрэх зэрэг эдийн засаг болон стратегийн чухал ач холбогдолтой. 
  • Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн парк байгуулах, орон нутагт ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн бодит үр өгөөжийг өгөх юм. 
  • Тавантолгойн коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2 дахин нэмэгдэх боломж бүрдэх бөгөөд БНХАУ руу экспортлох эерэг хамааралт бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болно.
  • Төмөр замын дэд бүтэц хөгжихийн зэрэгцээгээр бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
  • Говийн бүсэд төмөр зам дагасан суурьшилын томоохон төвүүд шинээр үүсэж, үүнийг дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжих боломж бүрдэнэ.
  • Төмөр зам ашиглалтад орсноор 1000 орчим шууд ажлын байр шинээр бий болно.
  • Төмөр зам баригдсанаар зөвхөн уул уурхайн салбараас гадна бусад салбарын хөгжил, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлнэ.

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.