БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөр, орон нутгийн хэлтэс нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган хяналт тавих, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг сахиулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь: 

  1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчийн хяналтад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, 
  2. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчид шаардлага тавих, 
  3. Орон нутгийн байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, 
  4. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн үүрэг, хариуцлагыг тодорхойлох.  

                                     БАЙГАЛЬ ОРЧИН 
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдаар дайран өнгөрч буй 240 орчим километр урттай “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралт болон ашиглалтын үйл ажиллагааны үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий /төлөв байдлын тайлан/ болон нарийвчилсан үнэлгээ /БОНБНҮ/-ний тайланг боловсруулах мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна.  
“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам”-ыг хэрэгжүүлэх болон төмөр замын бүтээн байгуулалтын зурвас газар суурьшсан айл өрх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар орон нутгийн төрийн захиргааны болон олон нийтийн байгууллагуудтай ажлын хэсэг байгуулан хамтран ажиллаж байна.  
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох эргэлтийн цэгийг Монгол улсын Засгийн газраас 2016 онд тогтоосон ба байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд тусгуулахаар хээрийн судалгааны ажлыг дээрх цэгийн хүрээнд явуулж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байна.  
2019 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу баригдаж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгч Зэвсэгт хүчний Жанжин штаб болон бусад туслан гүйцэтгэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөн туслах, ажлын явцыг сайжруулах зэрэг чиг үүргийг голлон гүйцэтгэж байна. 

                                      ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил, тодруулбал төслийн талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Монгол улсад заавал мөрдөх стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах хүрээнд заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.   
“Монголын төмөр зам” ТӨХК болон Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран нийт туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажилтан, оператор, албан хаагчидтай холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зааварчилгаа, зөвлөмжийг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 
Хөдөө орон нутагт ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын тусгай хувцас, хэрэгсэл болон нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангахаас гадна нийт ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.