ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 50 КМ ЗАМЫГ УГСАРЧ ДУУСЛАА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төсөл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын Зүүнбаян чиглэлээс дээд бүтцийн эхний 50 км-ийн зам бэлэн болсны нээлтийн үйл ажиллагаа 06-р сарын 13-ны өдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан холбогдох албан тушаалтнууд оролцож эл бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм.

Энэ бүтээн байгуулалтын ажил нь зөвхөн Монголчууд өөрсдөө төмөр зам барьж буйгаараа онцлог. Төслийн захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК байгаа бол захиалагчийн хяналтыг “Тавантолгой төмөр зам” ХХК гүйцэтгэдэг. Харин дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”  Хувь нийлүүлсэн нийгэмлэг, доод бүтцийн ажлыг Зэвсэгт Хүчний Жанжин штаб, үндэсний компаниудын төлөөллүүд хийж гүйцэтгэж байна.

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг хөндлөн дайрч гарах уг төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Одоогоор доод бүтцийн ажил буюу газар шорооны ажил 87 хувь, ус өнгөрүүлэх гүүр хоолойн байгууламжийн ажлууд 50 хувьтай явагдаж байгаа аж. Тодруулбал “Зүүнбаян чиглэлээс дээд бүтэц хийгдэж эхний 50 км төмөр замыг барьж дуусгалаа. Харин доод бүтцийн ажил тус чиглэлээс 200 км-т хийгдэж дуусаад байна. Ирэх 07-р сарын 01-н гэхэд төслийн хэмжээнд доод бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх ярьлаа. Мөн төслийн хэмжээнд нийт 6 зөрлөг, 1 өртөө баригдахаас Зүүнбаян чиглэлээсээ эхний “ЗӨРЛӨГ-6”-ийн барилгын ажил бүрэн дуусч Улсын комисст хүлээлгэн өгөөд байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төмөр зам бол улсын хөгжил дэвшлийн гол хүчин зүйл. Бид улс орноо авто замаар, төмөр замаар холбох ёстой. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чаддаг болсон байна. Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам ашиглалтад орвол эдийн засгийн асар их үр өгөөж гарна.

Тавантолгойн нүүрсний ордоос гадна төмөр замын трасс дагуух 37 бүлэг ордуудыг эргэлтэд оруулж улсын эдийн засгийг  тэтгэх, нэмэгдүүлэх боломжтой. Бид түүхийг бүтээж байна” хэмээн бүтээн байгуулалтад оролцож байгаа хүн бүрт талархлаа илэрхийлсэн юм.

 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020.08.05 192.82.75.200
Зочин

Хугацаанаасаа өмнө дуусах юм байна. Залхуу хүмүүс л хугацаанд нь заавал дуусгана

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд