ХӨГЖИЛ РҮҮ ХӨТЛӨХ ЗАМ...

            Зүүн өмнөд хязгаарт үүр хаяарч нар газрын хэвлийгээс өндийхтэй зэрэгцэн Монгол Улсын Төрийн далбаа тэнгэрт цойлон мандлаа. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төмөр замын бүтээн байгуулалтын доод бүтцийн буюу газар шороо, далангийн ажлыг хийж гүйцэтгэхээр  Зэвсэгт хүчний хээрийн ангиуд эмхлэн байгуулагдаж өнгөрсөн оны 09 дүгээр сард эзгүй энэ талд ирж байрлажээ. Газар зүйн хэвтээ тэнхлэгийн дагуу буюу Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажлын хүндийг эх орондоо тангараг өргөсөн эр цэргүүд нуруундаа үүрч, эх орон дуудсан цагт, ямар ч үүргийг хаана ч, хэдийд ч биелүүлэхэд ямагт бэлэн гэдгээ үйл ажиллагаараа илтгэн харуулж байна. 

Төмөр зам барьж байгуулах ажил нь Доод бүтцийн ажил буюу төмөр замын суурь бүтэц, газар шороо, далан, ус зайлуулах шугам хоолойн ажил Дээд бүтэц буюу бетонон дэр суулгах, түүн дээр төмөр замыг технологийн дагуу бэхлэн суурилуулах ажлаас бүрддэг аж. Аль аль нь маш нарийн тооцоолол, судалгаа шаардсан чимхлүүр ажил бөгөөд өндөр зэрэглэлийн төмөр замын инженерүүдийн олон давхар хяналтын дор уг ажлууд технологийн дагуу гүйцэтгэгдэж байна.     

Энэ оны 03 дугаар сараас Дорнын цэнхэр говийг Өмнийн цэнхэр говьтой холбох энэ нүсэр бүтээн байгуулалтын ажлын доод бүтцийн ажил эрчимтэй явагдаж  Зүүнбаян талаасаа 22 км төмөр замыг тавьж галт тэрэг явахад бэлэн болгожээ.

Улаанбаатар төмөр зам” ТӨХК-ийнхан төмөр замын дээд бүтцийг долоо хоногт 6 километрээр урагшлуулж байгаа аж. Эл хуль байсан энэ газар их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, нүдний өмнө бүх зүйлс өөрчлөгдөж байна. Өглөөний ургах нарнаас үдшийн шингэх наран хүртэл амсхийх чөлөөгүй ажиллах тэдний харцнаас ядралт биш баяр бахдал, эрч хүч, урам зориг гэрэлтэнэ. Арга ч үгүй биз. Шинэ зууны хөгжилд хөтлөх төмөр замаа Монголчууд бид гадныхны гарыг харалгүй өөрсдөө барьж байгуулж байна. Омогшил, бахархал биш гэж үү.  

“Шинэ зууны хөгжилд хөтлөх төмөр замаа

Монголчууд бид гадныхны гарыг харалгүй

өөрсдөө барьж байгуулж байна.

Омогшил, бахархал биш гэж үү. “

       Уг бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК,  төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”, ерөнхий хяналтыг “Тавантолгой Төмөр зам” ХХК  тус тус хариуцан гүйцэтгэж байна.

Манай улсад төмөр замын дээд бүтэц тавих үе угсралтын ажлыг гүйцэтгэдэг хоёр бааз байдаг нь Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн Зүүнбаянд тус тус байрладаг аж. Зүүнбаян хэмээх энэ бяцхан суурин тухайн цаг үедээ гутлынх нь хоншоорт нүүрээ тольдохуйц гялгар хром жийсэн дэгжин офицеруудтай, арван мянга гаруй цэрэгтэй ардын армийн томоохон нэгтгэл төвлөрч, улсын хүнд аж үйлдвэр /нефть/ цэцэглэж, түм түчигнэсэн хот байсан тухай нутгийн иргэдийн яриа чих дэлсэх нь олонтаа.

Харин зах зээлийн үеэс үйлдвэр завод хаалгаа барьж, ажиллагсад таран явснаар одоо эзгүй барилга байгууламж ихтэй эль хуль суурин болжээ. Бүтээн байгуулж буй төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим хүн амтай энэ жижиг суурингийн өртөө өргөжиж, ачаа тээвэр шилжүүлэн ачих найман замтай, дэргэдээ төмөр замын үе угсрах баазтай томоохон өртөө болох аж.

"Бүтээн байгуулж буй төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим хүн амтай энэ жижиг суурингийн өртөө өргөжиж, ачаа тээвэр шилжүүлэх ачих найман замтай, дэргэдээ төмөр замын үе угсрах баазтай томоохон өртөө болох аж”. 

Өртөөний барилгын эсрэг талд төмөр замын дэр бетоныг томоохон байгууламжтай дүйцэхүйц хэмжээтэй эрийтэл хураасан харагдана. Энд “УБТЗ”-ынхан дэр бетон дээр төмөр замын гол төмрийг технологийн дагуу бэхэлж суурилуулах ажлыг гүйцэтгэж байна. Дэр бетонд даац сайтай байх техникийн шаардлага тавигддаг учраас нягтын хүнд ихтэй, ширхэг нь 380 кг жинтэй аж. “Улаанбаатар БҮҮК”, “Ган хийц” компаниуд стандарт шаардлага хангасан, лабораториор баталгаажсан дэр бетон үйлдвэрлэн нийлүүлж байгаа гэнэ. Үндэсний бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгчид ийнхүү гар бие оролцож байгаа нь олзуурхууштай. Төмөр замын гол төмөр 25 метрийн урттай бөгөөд нэг гол төмөрт 46 ширхэг дэр бетон ордог байна. Гол төмрийг дэр бетон дээр бэхэлдэг төмөр хийцийг инженерүүд нь “ПАНДРОЛ”  бэхэлгээ хэмээн нэрлэнэ. Уг бэхэлгээ нь дэлхийн стандартад нийцсэн бөгөөд Англи улсаас оруулж ирдэг гэнэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орон Япон улс ч энэ технологийг ашиглан төмөр замаа тавьж байгааг төмөр замын инженер мэргэжилтнүүд хэлж байлаа. Үе угсрах баазад өдөрт 24 гол төмөрт бэхэлгээ хийдэг аж. Одоогоор тус баазад 24 км зам тавих хэмжээний нөөцийг хэдийнээ бэлджээ. Энэ нь өөр өөрийн чиг үүрэгтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэгэн зорилгод зангидаж, ажлын уялдаа холбоог нарийн сайн тооцоолж төлөвлөлт, удирдлагаар сайн ханган, гүйцэтгэлийг хэрэгжүүлж байгаагийн илрэл юм.  

Үе угсрах баазаас бэлэн болсон бэлдцийг “КЖУ-571” төмөр замын кранаар тээвэрлэн шороон далан дээр дэвсээд хайрга, чулуу асган чигжигч машинаар чигжиж бэхэлснээр дээд бүтэц бэлэн болно. “УБТЗ”-ын замчид техникийн хүчин чадлаараа  долоо хоногт 6 км төмөр зам тавьж байна.

Техникийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл үүнээс ч илүү зам тавих боломжтой гэж УБТЗ-ын Зам засварын машинт станцын орлогч дарга П.Пунцаг хэллээ. Төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй,  төмөр замд даган 25 жилийн туршлага хуримтлуулан яваа тэрээр өнгөрсөн жил Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг ашиглалтад оруулахад мөн удирдаж ажиллажээ. “Манай байгууллага 50 гаруй жилийн түүхтэй, энэ хэмжээний туршлагатай байгууллага. Инженер, техникийн ажилтнууд бүгд гадаад, дотоодод мэргэжил эзэмшиж дээшлүүлсэн мэргэжлийн бүрэлдэхүүн байгаа. Бид олон улсын стандартад нийцсэн зам тавихаар зорьж бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Мэдээж Монголчууд бид төмөр замаа өөрсдөө тавьж эхэлнэ гэдэг бол маш амжилт, маш том давуу тал юм” хэмээн үндэсний бүтээн байгуулалтаараа бахархах сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. Түүнчлэн төмөр зам дагасан дэд бүтцийн ажлууд ч хийгдэж байна. Уул, толгод ховортой тус газарт цахилгаан дамжуулах гэрлийн цамхаг эрийтэл боссон нь нүднээ ил харагдана. Уг ажил Зүүнбаян чиглэлээсээ 75 км үргэлжлэх аж. 

Хязгаар нь үл үзэгдэх тэнгэрийн заадас руу чиглэсэн төмөр замын ажил өрнөсөн жимийг дагаж Тавантолгой чиглэл рүү жолоо залав. Зам дагуу ПК-гээд тоо бичсэн цагаан пайз олонтаа өнгөрнө. Тус тэмдэглэгээг тодруулахад “Пекит” гэсэн үг бөгөөд “Зуут” гэсэн агуулгатай. Төслийн талбайд ажил хэд дэх километрт өрнөж байгааг ингэж нэрлэдэг гэнэ. Инженер, албан хаагчид түлхүү энэ нэршлийг хэрэглэдэг бололтой. “ПК” гээд мэргэжилтэн, ажилтнуудын өөр хоорондоо ярих яриа тэмдэглэгээний учрыг тайлсны дараа сурвалжлах багийн бидэнд сая нэг ойлгогдож ажлын явцтай танилцахад дөхөмтэй болов. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн замын хяналтын инженерүүдтэй ийн ярилцаж явах зуур Зүүнбаянгаас 70 зайд орших /ПК-340 км/ Тавантолгой зүүнбаян чиглэлийн төмөр замын “Зөрлөг 6” гэх бүтээн байгуулалтын газар ирлээ. Төслийн хэмжээнд 414,6 км-т нийт 6 зөрлөг, 1 өртөө баригдах гэнэ. Өртөө, зөрлөгийн барилгын ажлууд уринтай уралдаж эхлээд эхний зөрлөгийн удирдлагын байр, 13 өрхийн орон сууц зэрэг барилгын ажил бүрэн дуусч улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

“Өртөө, зөрлөгийн барилгын ажлууд уринтай уралдаж эхлээд эхний зөрлөгийн удирдлагын байр, 13 өрхийн орон сууц зэрэг барилгын ажил бүрэн дуусч улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ”.

Бусад 5 зөрлөг, нэг өртөөний барилгын ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн 4 анги төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгааг албаны хүнээс сонсов. Төмөр зам ашиглалтад орсноор нийт 1000 орчим ажлын байр шинээр нэмэгдэх тооцоотой байгаа аж. Иймд уг төслийн үйл явц биетээр нүдэнд харагдаж, гарт баригдахаар бодит болон хэрэгжиж эхэлсний олон жишээг харж болохоор байна.

Хэвтээ тэнхлэгийн дагуух төмөр зам Дорноговь аймгийн Зүүнбаянгаас-Мандах сумын нутаг дэвсгэрээр дайран Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэл үргэлжилнэ. Тавантолгой хүртлэх 414,6 км зайд бүтээн байгуулалтын ажил хаа сайгүй жигд тасралтгүй өрнөнө. Үүнийг зөвхөн монголчууд бид өөрсдөө гүйцэтгэж байгаа нь  гол онцлог юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа Зэвсэгт хүчний ангиудаас гадна 50 гаруй үндэсний компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажээ.

“Бидэрт манхны элсэн хөвөө үелэж, хулан тахийн туурайн мөр тамгалсан говь нутаг. Эндээс л эх орны хөгжлийн зам дурайж байна” гэж жолоочийн дөмөгхөн бөгөөд цомхон үгс толгой тогшиж, бүтээн байгуулалттай танилцан явах зуур нар хэдийнээ жаргах дөхжээ. Тал нутагт нар мандаж, жаргах нь их сонин. Газар эхийн хэвлийгээс ургаж мандаад, халхалж сүүдэрлэх уулс, үүлсгүй буцаад л газрын хэвлийдээ орчихно. Ийн монгол нутгийнхаа үзэсгэлэн, монгол хүний бүтээлээр бахархан явах зуур хүнд даацын машинууд тоос манарган тааралдах нь олонтаа. Энэ нь ямар ч илүү дутуу тайлбаргүйгээр ажил эрчимтэй өрнөж байгааг илтгэнэ. Шөнийн түнэр харанхуйд ч том машины гэрлэн цуваа тасарсангүй.

Зэвсэгт хүчний 110, 339, 7781, 7782 дугаар ангийн алба хаагчид Монгол хүний аливаад овсгоотой, дасан зохицох, хөрвөх чадварын тод томруун жишээ болон үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ихэнх нь цэргийн мэргэжилтэй ч цэргийн үндсэн мэргэжилд нь суурилан зохион байгуулсан богино хугацааны эрчимжсэн сургалтад хамрагдаж индүүдлэгийн оператор, том машин механизмын жолооч зэрэг мэргэжил эзэмшиж, аль хэдийнээ дадлагажиж туршлагажсаныг харахад гайхшрал төрөхөөр. Тэдний нэг Зэвсэгт хүчний 7781-р ангийн индүүдлэгийн оператор, Н.Баясгалан. Тэрээр шөнийн ээлжид 20:00 - 08:00 хүртэл ажилладаг юм байна. Өмнө нь Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хөгжимчин байсан Н.Баясгалан зургаан сарын хугацаанд индүүний оператор мэргэжлийг эзэмшиж туршлагажжээ. Тэрээр “Би цэргийн амьдралаараа бахархдаг. Тушаал авсан цэрэг хүн. Энэ зам чанартай хийгдэж дуусах ёстой. Монгол цэрэг хүн юуг ч хийж чаддаг, дасан зохицох чадвартай байдгаараа онцлог. Мэдээж үндэсний бүтээн байгуулалтад оролцож байгаагаараа бахархаж байна. Энэ бүтээн байгуулалтад оролцсоноороо өрхийн орлогоо ч нэмэгдүүлж амьдралд олон эерэг өөрчлөлтүүд гарсан” хэмээн ярьсан юм.

Урин хаврын шөнө богино. Гэсэн ч өдөр шөнийн ялгаагүй алинд ч бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж буйг нүдээр харсан хүн л итгэж өөрийн эрхгүй бахархал төрнө. "Говь нутагт ажил зогсох ганц л шалтгаан бий. Энэ нь хаврын тэнгэрийн таашгүй араншин, говийн түйрэн, угалз гэнэ". Улсын онцгой байдлын ерөнхий газраас “Салхины хурд 30 м/сек хүртэл ширүүсч гамшгийн хэмжээнд хүрнэ” гэсэн анхааруулга дохиогоор сурвалжлах багийнхан замын тэн хагас болох 210 дахь километрт байрлах “Монголын төмөр зам”, “Тавантолгой Төмөр зам”-ын кемп /хээрийн бааз/-д ирэв. Төслийн талбай дээрх бүх ажил ч зогсов. Хөдөлмөрийн аюулгүй байдал юу юунаас чухал болохоор тэр.

Хээрийн кемпийн контейнерууд тохижилт сайтай, тав тухтай аж. Эндээс төслийн талбай дээрх ажлын гүйцэтгэлд хяналт тавих, мастер төлөвлөгөөний биелэлтийг хангах, цаашид хэрэгжүүлэх ажлыг чиглэлийг тодорхойлж удирддаг байна. Хэдийгээр байгалийн онц нөхцөл байдал үүссэн ч хээрийн оффист ажил үргэлжилсээр. Албан хаагч, мэргэжилтэн бүр бичиг цаасны ажил ихтэй харваас илт. Өдөртөө хамгийн багадаа 250 орчим ажил шалгуулах хүсэлт ирдэг гэнэ. Туслан гүйцэтгэгч компаниуд төслийн талбай дээр норм дүрмийн дагуу шатлалын ажлыг хийж гүйцэтгэсний дараа “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн инженер, мэргэжилтнүүд чанар, стандартыг нь шалган дүгнэлт гаргасны үндсэн дээр дараагийн шатлалын ажил хийх зөвшөөрөл олгогддог байна. Бас л өдөр шөнө, нар сарыг ялгалгүй ажиллагсад энд байх аж.        Монгол хүний оюун ухаан, гараар бүтээгдэж байгаа энэхүү бүтээн байгуулалт бол монголчууд бидний шинэ зууны түүхэн бүтээн байгуулалт юм. Энэ бүтээн байгуулалт хийгдсэнээр ойр орчмын 40 орчим ашигт малтмалын орд газруудын эдийн засгийн үр ашиг дээшилж, эдийн засгийн эргэлтэд орж эх орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Түүнчлэн үндэсний инженерүүд, мэргэшсэн чадвартай боловсон хүчний бүхэл бүтэн үед бэлтгэгдэн гарч дэлхийд өрсөлдөх боломж бүрдэж байна. Хөгжил рүү хөтлөх зам үргэлжилсээр...                            "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Э.Цагаан-Уул 
                                                                                                                                               2020.05.18  /тэмдэглэл/ 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020.08.05 66.181.183.69
Зочин

Үндэсний энэ томоохон бүтээн байгуулалтийн ажилд гар биe, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буй болон ажилласан Хөндлөнгийн хяналт мөн туслан гүйцэтгэгч Авто замын үндэсний компаниудын маань нэр хэзээч дурьдагдахгүй нь туйлын харамсалтай хэдийч бид бүхэн Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцсон гэдгээрээ байнга бахархаж явах болно.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд