НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ЭРГЭЛТИЙН ЦЭГ

ГАЦАА БА ГАРЦ 

Гашуунсухайт. Өмнөд хилийн энэ жижигхэн боомт өнөөгийн Монгол орны хамгийн чухал цэгүүдийн нэг болоод байна. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох коксжуулсан нүүрсийг БНХАУ-д экспортлох гол гарц болсон энэ боомтоор одоогийн байдлаар өдөрт хүнд даацын 500 орчим машин нүүрс тээвэрлэж хил нэвтэрч байгаа. Энэхүү тээвэрлэлтийг төмөр замаар хийх тухай монголчууд 10 гаруй жилийн өмнөөс ярьж, төлөвлөж, бүтээн байгуулалт эхлүүлсэн ч таван жилийн хөрөнгө оруулалт нь тасалдан, “гацсан”. Үр дүнд нь хэдэн арван километр үргэлжилсэн автомашины цуваа өмнөд хил дээр үүсэж, экспортын гол түүхий эд түгжрэлд орсон. Коронавирусын цар тахлын улмаас дэлхий улс орон бүхэн эдийн засгаа эрчимжүүлэхийг хичээж буй энэ үед нүүрсний зах зээлийн гол тоглогчид экспортоо нэмэгдүүлэхийг дор бүрнээ хичээж байна. Хятад улсын эхний хагас жилийн мэдээллээр Австрали, Индонези, ОХУ-ын Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ өсчээ. Хүний оролцоогүй бүрэн автомат төмөр замаар далай хүртэл тээвэрлэлтээ хийдэг Австралийнх 55 хувь, манай улсыг тойруулан төмөр зам тавьсан ОХУ-ынх 2.3 хувь өсчээ. Гэтэл манай улсын нийлүүлэлт өмнөх оны мөн үеийн 18.1 сая тонноос даруй 2 дахин буурч, 8.5 сая тонн болсон. Ковид 19 цар тахлын улмаас энэ онд экспорт ихээхэн саарч, улсын төсвийн алдагдал зургадугаар сарын байдлаар 2 их наяд төгрөг болсон. Эдгээр улсын өсөлт цэвэр дэд бүтцээс хамааралтай. Ийм ч учраас өмнөд хөршийг чиглэсэн хүнд даацын төмөр зам цар тахалтай тахалгүй хямарч, өр ширэндээ баригдчихаад байгаа Монгол Улсыг аврах гарц, эргэлтийн цэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл болоод байгаа юм. 

ГАЦААНААС ГАРЧ, ГАРЦАА ТОДОРХОЙЛОВ... 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг гацаанаас гаргахын тулд төрийн зоримог шийдвэр хэрэгтэй байлаа. Төр энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлэх эсэх нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн нүүрсний зах зээлийн анхаарлын төвд байсан. Монгол Улсын Засгийн газар энэ хүлээлтэд нэг мөр хариу өгч, 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК-д олгоод байсан “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг цуцалж, шинээр байгуулсан “Тавантолгой төмөр зам” ХХК-д 5 жилийн хугацаатай олгох тогтоол батлагдсан түүхтэй. Ингэж Монгол Улс стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтаа гацаанаас нь гаргалаа. “Тавантолгой төмөр зам” ХХК өнгөрсөн хугацаанд үүссэн газар шорооны эвдрэл, гэмтлийг эхэлж тогтоосон байдаг. Ингэж л гацаанаас болж үүссэн эвдрэлийг засахаас бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсон.

                                                                                                                   Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020.08.10 66.181.181.35
Зо

дүрэмээр эхэлж

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд