МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад албаны хүмүүс 09-р сарын 04-ны өдөр “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа.        Энэ чиглэлийн төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлог юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд Британийн “Пандрол” компаниас энэ төслийн хэмжээнд гагнуурчдыг тусгайлан бэлтгэж байна. Уг гагнуур нь /Алюминотермит/ хоёр зам төмрийг 25 мм-ийн завсартай байрлуулж, тусгай хэвэнд хөнгөн цагааны урвалаар хүчилтөрөгч, пропаны хийгээр 2600 орчим градус халааж цутгах аргаар гагнадаг нарийн технологи юм.

Гагнуурын ажил нь цахилгаан контактийн аргаар суурин болон хоорондын зам буюу зөөврөөр тус тус хийгдэж байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж байгаа юм. Одоогоор нийт 2.4км замыг уулзваргүй болгож гагнажээ.

      Төслийн хэмжээнд 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 100% засагдсан, дугуй хоолойн ажил-94%, дөрвөлжин хоолойн ажил-97%, мал амьтны гарц-100%, гүүрийн ажил-70%, нийтдээ доод бүтцийн ажил-97%-тай бол дээд бүтцийн ажил-33% буюу 67 км төмөр замын үеийг угсраад байна.

      Монгол Улсын ерөнхий сайд төслийн ажлын явцтай танилцах үеэрээ “Монголчууд бид төмөр замаа барьж чаддаг болсон байна. Энэ төсөлд ажиллаж байгаа нийт инженер техникийн ажилчиддаа чин сэтгэлээсээ халуун талархал илэрхийлье. Цаашдаа бид ямар ч төмөр замын ажлыг хийхэд асуудалгүй болсон байна. Энэ чиглэлийн төмөр зам бол монгол улсын эдийн засаг болоод стратегийн ач холбогдолтой ганц зам юм. Төр, хувийн хэвшил хамтарч хэрхэн сайн ажиллаж болдгийг энэ төслийн жишгээс харж болохоор байна” хэмээн онцоллоо.  

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020.09.07 192.82.74.48
Зочин

зам төмрийн уулзварын боолт шрүп 6 өнцөгтгүй 4 өнцөгттэй болсон гэж үнэн үү

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд