ТУРКИЙН ЭКСПОРТЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ГУРАВДАХЬ ТУСГАЙ ЦУВАА ХЯТАД УЛС РУУ ХӨДӨЛЛӨӨ

     БНТУ-аас БНХАУ-руу борын хүдэр экспортлох галт тэрэгний анхны цуваа 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Анкарагаас Хятадын Ши-Ань хот руу хөдөлжээ. Энэ нь Туркээс Хятадруу экспортын бараа тээсэн галт тэрэгний гуравдахь тусгай цуваа бол, Хятадруу анх удаа төмөр замаар борын хүдэр экспортолж буй нь юм. Борын хүдэр нь шил, металл, анагаах ухаан зэрэг салбарт өргөн хэрэглэгддэг химийн бодис бөгөөд Турк Улс нь дэлхийн хамгийн том борын хүдэр экспортлогч орон төдийгүй дэлхийн борын хүдрийн нөөцийн гуравны хоёр орчим хувийг эзэлдэг байна. Турк Улс 2020 онд 1 сая 730 мянга орчим тонн борын хүдэр экспортолж, дэлхийн эрэлт хэрэгцээний 57 хувь, Хятад руу 700 мянга орчим тонн борын хүдэр экспортолсон нь нийт экспортын 40 орчим хувийг эзэлж байгаа юм. Мөн үүнээс гадна 5.8 сая тонн ашигт малтмалыг Хятад Улс руу экспортолжээ. 
     Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн сайд экспортын тусгай галт тэргийг үдэх ёслолын үеэр, "Төмөр замын Торгоны зам"-аар Хятад руу бараа бүтээгдэхүүн экспортлох тусгай галт тэргийг дахин илгээж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Хятад Улсын санаачилсан "Бүс ба зам" санаачилга нь эртний Торгоны замыг сэргээж, энэ нь Турк Улсын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
     Харин Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Донмез Турк Улс экспортын худалдааг дэмжих зорилгоор төмөр замд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн “Бүс ба зам” санаачилгад идэвхтэй нэгдэх ёстой бөгөөд Хятад Улсын дэвшүүлсэн тус санаачилга нь БНХАУ-БНТУ чиглэлийн зам дагуух орнуудад боломж бий болгож байгааг онцоллоо. Мөн тэрбээр төмөр замаар тээвэрлэх нь тээврийн хугацааг богиносгох сайн талтайг дурдаад далайн болон хуурай замын тээврээр ихэвчлэн 45-60 хоног аялж Хятадад хүрдэг байсан бол одоо төмөр замаар 12 хоногийн дотор хүрэх боломжтой болсныг тэмдэглэжээ. Энэхүү галт тэрэг Гүрж, Азербайжан, Казахстанаар дамжин, Хятадын Ши-Ань хотод хүрэх бөгөөд нийт 7792 километр замыг туулах аж. 


Эх сурвалж: http://finance.sina.com.cn/tech/2021-01-30/doc-ikftpnny2802074.shtml
Орчуулсан: Б.Мэнд-Амар
 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд