ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА...

2021-08-04 15:45:25

/Япон улсад гүүр, хоолойн чиглэлээр мэргэжил эзэмшиж, эх орныхоо бүтээн байгуулалтын үйл хэрэгт гар бие оролцож байгаа залуусын төлөөлөл  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүүр, хоолойн инженер Б.Энхсайхан БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА./

/Өөрийгөө танилцуулаач:/

       Би 2014 онд Японы Киото муж дахь “Майзүрү Техникийн коллеж”-ийг гүүр хоолойн инженерээр суралцаж төгссөн. Сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо ирээд гүүр, хоолой, инженерийн байгууламжийн төлөвлөлт, чанар технологийн чиглэлээр ажиллаж байгаад 2019 оноос “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллаж байна. 
Их сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцаж байгаад инженерийн салбарлуу хөрвүүлэн суралцсан минь одоо бодоход миний хувьд глобал-оновчтой сонголт биш юм аа гэхэд зөв сонголт болсон мэт санагддаг. Тэр тусмаа энэ их том төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох боломж тохионо гэж хэн санахав дээ. Тиймдээ ч сонгосон мэргэжилдээ дурлаж, нэг талаараа мэргэжлээ хүндлэх, шинийг эрэлхийлэх, оновчтой шийдлийг хайх сайн замруу үргэлж хөтлөгдөж байдаг даа... 

/Ажлын онцлогоо танилцуулаач:/

       Ажлын талбайд болж байгаа барилга угсралтын үйл явц нь өгөгдсөн ажлын зураг, техникийн шаардлага, бусад холбогдох стандартыг хангаж байгаа эсэхэд захиалагчийн талаас хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Газар дээрээ босч байгаа байгууламжтай нь, барьж байгаа хүнтэй нь, шалгаж байгаа хүнтэй нь, гарт байгаа цаастайгаа тулж ажиллана гэсэн үг л дээ.
Харин том утгаар нь харвал экосистем болох хүн ард, мал, зэрлэг ан амьтан, тээврийн хэрэгсэл зэргийн зорчих хөдөлгөөн, байгалын үер усны сорилт хоорондын харилцан саадгүй өнгөрөх чадварыг алдагдуулахгүй хэрхэн яаж өнгөрүүлэх вэ? гэсэн бодлогын шийдлийг хэрэгжүүлж байгаа гэж ойлгодог. 
Тэр л хэсэгт гүүр, хоолойн ажил явагдаж, чиглэл бүрийн инженер, ажилчдаас авахуулаад удирдлага хүртлээ гүйцэтгэгч, хяналтын хамт олон өдөр бүр шинэ сорилттой тулж байдаг. Төлөвлөлтийн шатанд хийгдсэн хиймэл байгууламжийн ажлын үр дүнгээ газар дээр шалгах нь сонирхолтой санагддаг шүү.

/Компанийн тухайд:/

       Зорьсондоо тэмүүлэлтэй, залуу, эрч хүчтэй хамт олонгоор хүрээлэгдсэн болохоор сэтгэл хангалуун ажилладаг. Салбарын бүрийн олон мундаг залуучууд цугларч Тавантолгой-Гашуунсухайтын бүтээн байгуулалтын энэ том төсөл дээр ажиллаж байгаа нь бүх талаараа харагддаг. Эндээсээ ч маш их туршлага хуримтлуулж байна. Цаашид хөгжих, туршлагажих, залуу хүний хийж болох бүхий л боломж нөхцөл “ЭНД” байна гэж бодож байна. 

Чөлөөт цаг нь хэрхэн өнгөрдөг вэ: 

       Чөлөөт зураг авах сонирхолтой. Байгалийн алив сонин өвөрмөц тогтоц, хэвийн бус хэлбэр хэмжээс эхлээд бүхий юмс үзэгдэл сонин содон санагддаг. Үүнийгээ дүрсэнд буулгаж түүнээсээ мэдрэмж авна гэдэг сайхан байдаг. Мэдээж үүнээс өөрөөр мэргэжлийн ур чадвараа ахиулах, дээшлүүлэх чиглэлээр цаг заваа зориулахын хичээдэг. 

 Өөрийн суралцсан хамгийн чухал зүйлсээс хуваалцвал:

      -Аливаа зүйлд мэргэжлийн байх нь юугаар ч орлуулшгүй үнэт зүйл, баялаг болж байдаг гэж боддог. Тиймдээ ч эзэмшсэн мэргэжил эзэн байхыг хичээдэг. 
      -Япон улсад суралцаж байх хугацаандаа академик мэдлэг олж авахаас гадна, хувь хүний хөгжил, харилцаа хандлага, хариуцлагын асуудал маш чухал болохыг мэдэж авсан. Мэдээж хэрэг эерэг харилцаа хандлагаас ямагт сайн үр дүн гардаг гэж боддог.  
 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд