БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2021-08-24 13:05:42

       /Н.Удаанжаргал: “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн адил Богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна”/

          Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосны дагуу төмөр замын нээлт 08-р сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.   

          Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын дэд бүтцийн тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ дагуул хотууд бий болох, авто замуудын түгжрэлийг шийдэх хамгийн боломжит зөв шийдэл юм” онцлон тэмдэглэв. 

          Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 км үргэлжлэх юм. Төсөл 6 зөрлөг, 3 өртөө, 1520 мм өргөн царигтайгаар баригдана. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг анх удаа Монголчууд бүтээн байгуулах гэж байна. 

          Мөн энэ үеэр "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлсэн үгэндээ “ЗХЖШ, УБТЗ-ын оролцоог тодорхой болгож энэ бүтээн байгуулалтад оролцох чиг үүргийг өгсөн. Их бүтээн байгуулалтын нарийвчилсан ажлууд ирэх оны 03-р сараас эхэлж хийгдэнэ. 135 км замын тухайд 2 туннелиэс бусад ажлуудыг 2 жилийн хугацаанд барьж дуусгах тооцоотой ажиллаж байгаа бол  2024 онд багтааж 2 туннелиэ ашиглалтад оруулна” гэж онцоллоо. 
          Уг төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэл багасаж, ажлын байр нэмэгдэн, хүн амын төвлөрөл саарч, улмаар агаар, хөрсний бохирдол буурна. Түүнчлэн төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл дэх хөдлөх бүрэлдэхүүний чимээ багассанаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. 


 

#Сэтгэгдэл (2)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.10.30 103.212.119.150
Зочин

Би анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсаныг мэдэхээс өмнө. Төмөр замын трасс гаргаж байгаад сайншандаас трассаа алдчихлаа гэж зүүдэлж байсан. Гэхдээ төрийн алба зүүдэнд итгэх нь ёс зүйгүй.

2021.08.26 66.181.183.243
Зочин

Давхар вагоны стандартаар тунелээ ухахгүй бол дараа нь давхар вагон явахад хуучин замаар явуулах гэтэл метроны зам болчихсон байна

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд