ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА

2021-11-22 11:44:02


     /Өөрийгөө танилцуулаач/

     Би 2015 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар сургуулийг төгсөөд “УБТЗ” ХНН-ийн ЭХУХ-н 2-р ангид дагалдан монтероор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа “Тээврийн дээд сургууль”-ийн Цахилгааны техникчийн эчнээ ангид суралцаж, Цахилгааны техникч мэргэжил эзэмшсэн. Цахилгаан шугам сүлжээний монтероор ажиллаж, давхар эчнээ суралцах явцдаа дамжуулах болон түгээх сүлжээ, хуваарилах байгууламж, бууруулах дэд станцын тухай гүнзгий ойлголттой болж, мэргэжилдээ улам бүр дурласан. 2020 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллах хүсэлтээ өгч, ажилд орсноор Тавантолгой-Зүүбаян чиглэлийн төмөр замын төсөлд ажиллах завшаан тохиосон. Энэ хугацаанд мөн давхар суралцаж, цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн. Одоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. 


     /Ажлын онцлогоо танилцуулаач/


     Цахилгааны инженер гэдэг нь олон асуудлыг зүй зохистой, үндэслэлтэй шийдэж төлөвлөдөг, өргөн цар хүрээтэй нарийн судалгаа хийгддэг, инженер хүнээс тал бүрийн өргөн мэдлэгтэй байхыг хатуу шаарддаг мэргэжил. Одоогоор миний ажлын чиг үүрэг талбай дээр хийгдэж байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажилд хяналт тавьж, зураг төсөл, технологийн горим, стандарт шаардлага хангасан эсэхийн гүйцэтгэлийг шалгах ажлыг хийж байна. 

     /Компанийн тухайд/

     Манай компани говь нутагт барьж буй төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээсэн. Цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч, үүнийг дагаад шинэчлэл, зохион байгуулалтыг шуурхай хийж чаддаг хамт олны нэг болсондоо баярлаж явдаг. Ажлын туршлага бага ч сурч, мэдье, хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн бидэн шиг залууст зааж зөвлөж байдаг ахмад инженерүүддээ мөн талархаж явдаг. Тэднээсээ аль болох их зүйлийг сурч мэдэж авахыг хичээж явдаг даа. Компанийн зүгээс ажилчдынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх урт, богино хугацааны сургалт зохион байгуулж, бидэнд үргэлж хөгжих боломжийг олгож байдагт талархаж явдаг.

      /Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ/

     Ажлынхаа хажуугаар суралцдаг болохоор чөлөөт цаг бага гардаг ч аль болох хувийн ур чадвараа дээшлүүлж, хөгжүүлэхийг зорьдог. Хувь хүний хөгжил болон хэлний мэдлэгээ сайжруулах, ном унших, биеэ эрүүл байлгах үүднээс фитнесст явдаг.

     /Өөрийн суралцсан хамгийн чухал зүйлсээс хуваалцвал/

     Бусдын итгэл, хүндлэлийг дааж, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ажлыг төлөвлөгөөтэй, чин сэтгэлээсээ хийх нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхын нэг үндэс гэж боддог. 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд