Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компанийн 250 инженер, техникийн ажилчдаас бүрдсэн баг 2019-2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, захиалагчийн хяналтыг амжилттай хийж гүйцэтгэв. 2020 оны 03 дугаар сараас Монгол Улсын анхны I зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын суурь бүтэц барьж, байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Түүнчлэн “Стратеги төлөвлөгөө-2050”, “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050” урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан гаргаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа төдийгүй төмөр замын компанийн хөгжлийн 30 жилийн төлөвлөгөөг урьдчилан харж, үндсэн чиглэлээ болгосноороо Монгол Улсдаа анхдагч юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь богино хугацаанд компанийн засаглалыг бэхжүүлэн, үйл ажиллагаагаа дэлхийн стандартад нийцүүлж, олон улстай хөл нийлүүлэх зорилгоор Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001, Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001, Төслийн менежментийн арга зүй ISO 215001 зэрэг стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлж эхлээд байна.
Одоогоор манай компани 5 газар, 23 хэлтэс, 600 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлсээр байна.
Компанийн бүтэцтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тавантолгойн коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, орд газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2018 оны зургаадугаар сард УИХ-аар 73 дугаар тогтоолыг баталж, улмаар Монгол Улсын Засгийн газарт “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан.
УИХ-аас баталсан тогтоол, үүрэг чиглэлийн дагуу Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах шийдвэр гарган, дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг олгосон билээ.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран байгуулав. Улмаар хоёр компанийн гүйцэтгэх захирлуудын 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хуралдаанаар А/59, А/258 тоот тушаал гарган, ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 304 дүгээр тогтоолоор компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлэх, төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх шийдвэр гаргаж байв.