ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022-09-09 18:17:47

     “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өнөөдөр /2022.09.09/ ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, албаны бусад хүмүүс болон захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулагчид оролцлоо.

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК, “Инкон” ХХК болон дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэдээ ард иргэд, төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүсэв. Мөн олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, цаг хугацаа алдан, улс орны хөгжилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг мартах ёсгүйг сануулав. Цаашид экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг дуусгах, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

     Мөн тэрбээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалд Чингис хааны эш хөргийг гардуулан өгч, компанийн цаашид хэрэгжүүлэх төслүүдийн бүтээн байгуулалтад амжилт хүслээ. Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Монгол төр дээдлэн залсан Эзэн Богд Чингис хааны эш хөргийг шинэ зууны эхлэл дээр Монгол хүний бахархал болсон түүхэн бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авч буй энэ өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээс гардан авч байгаадаа талархал илэрхийлээд зарлиг ёсоор дээдлэн залахаа тэмдэглэв. Түүнчлэн үндэсний хэмжээний мега төслийн хөрөнгө оруулагч болон төмөр замыг барьж байгуулах их үйлсэд санаа зорилго нэгдэн ажилласан дотоодын 600 гаруй аж ахуйн нэгж, 5000 орчим инженер, техникийн ажилтан, хамтран ажилласан байгууллагууд зэрэг гар бие оролцсон бүх хүнд баяр хүргэж, гүн талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монголын сүүлийн 30 жилийн хугацаанд эвдрэлцэн талцвал улс хөгждөггүйн жишээг энэ төслийн алдагдсан боломжоос харж харамсахаар, Монгол төр хөдөлмөрлөн зүтгэвэл хийж, бүтээж болдгийг өнөөдрийн үйл явдал нотлон толилуулж байна хэмээн тэмдэглэв.

     “Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр баталсан “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдаж, суурь бүтэц барих, ашиглах, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн тээвэрлэх зэрэг чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө 600 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагчтай, төмөр замын зураг төсөл болон ТЭЗҮ боловсруулдаг, хяналт тавьдаг, төмөр зам барьдаг, тээвэрлэлт гүйцэтгэдэг төмөр замын мэргэшсэн инженерингийн компани юм.
     Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын анхны I зэрэглэлийн, уулзваргүй, жилд 30-50 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүр баригдсанаас Монгол Улсын төмөр замын хамгийн урт 430 метр гүүрийг бүтээн байгуулсан. Уг төмөр зам ашиглалтад орж, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосноор Монгол Улс, БНХАУ-ын хооронд 70 орчим жилийн дараа холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байгаа түүхэн үйл явдал юм. Цаашид ачилтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хил дамнасан төмөр замтай болсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг дөрөв дахин буурах урьдчилсан тооцоо гарсан. 
     Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр зам нь Монгол Улсын экспортын орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх, байгаль орчин, хөрсний доройтлыг бууруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
     Ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан энэ төслийг хэрэгжүүлэх нь эх орныхоо хөгжилд өөрсдийн оруулах хувь нэмэр хэмээн үзэж, төр, засаг, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа нэгэн зорилгын дор хичээн зүтгэж, монголчууд хамтран ажиллаж, бүтээж чаддагийг харуулсан нэг илрэл болсныг онцлов. 
     Монгол Улс, БНХАУ өнгөрсөн хоёрдугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэгийг эцэслэн тохиролцсон юм.

#Сэтгэгдэл (2)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2022.09.12 103.57.92.102
Зочин

Убтз-ын хойд хэсгийн замыг шулуутгах ямар ажил хийж байгаа тухай мэдээлэл оруулна уу

2022.09.11 103.57.92.102
Зочин

Дарханы автозам дардан байхад убтз-ын хойд хэсгийн зам согтуу хүнээс дор трасстай байдаг нь трассаа алдчихсан болвуу

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд