“ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ” АНГИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

2023-01-26 11:50:14

   “Тавантолгой төмөр зам” ХХК ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай 2020 онд төмөр замын мэргэжлийн инженер бэлтгэх, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах зэрэг олон талын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд эрчимтэй хөгжиж буй төмөр замын салбарын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч тус сургуульд шинээр нээгдсэн “Төмөр замын тээврийн менежмент” ангид “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар нийт 19 ажилтан элсэн суралцсан. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудын төлөөлөл эхний 9 ажилтан сургуулиа амжилттай дүүргэж, 2023.01.25-ны өдөр дипломоо гардан авлаа.

“Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Тээврийн удирдлагын газрын дарга Г.Цолмонбаяр нарын удирдлагууд сургуулиа амжилттай төгссөн ажилтнуудаа хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар: Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй төмөр замын салбарт, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцсон инженер техникийн ажилтнууд, залуусын төлөөлөл их ажлынхаа хажуугаар суралцаж, хөрвөх чадвартай боловсон хүчин болон бэлтгэгдэн гарч байгаад баяр хүргээд, сурсан, мэдсэнээ байгууллагынхаа, цаашлаад улс орынхоо хөгжилд зориулахын чухлыг онцолж, ажилд нь өндөр амжилт хүслээ. Мөн дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулсан хүндхэн цаг хугацаанд өдөр шөнө, цаг нарыг умартан их бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэжил боловсролоо дээшлүүлж, үүрэгт ажлаа цалгардуулахгүй ажиллаж ирсэн хамт олноороо бахархаж байгаагаа илэрхийлэв.

Төгсөгчид, Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтад гар бие оролцсондоо бахархаж явдгаа дурдаад, нийгэм, эдийн засгийн хүнд цаг үед суралцах боломжоор хангаж, дэмжин ажилласан компанийн удирдлагууддаа баярласнаа илэрхийлж, төмөр замын салбарын манлайлагч боловсон хүчин байхаа онцоллоо.

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2023.01.26 202.55.188.87
бат

Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд