Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хамтран байгуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн зөвшөөрлийн 5 жилийн хугацаагаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.
Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 304 дүгээр тогтоолоор: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлсэн.
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн барилгын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компани төслийн талбайд (Өмнөговь аймаг, Цогтцэций, Баян-овоо, Ханбогд) эхлүүлэв.
“Тавантолгой төмөр зам” ХХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилд захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхний 50 км төмөр замын ажлыг дуусгав.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай төмөр замын инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын анхны суман шилжүүлгийг угсарсан бөгөөд төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг баригдаж, өртөө, зөрлөгүүдэд нийт 77 суман шилжүүлэг угсарна.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжлийн баг “Стратеги төлөвлөгөө-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан, ТУЗ-ийн тогтоолоор батлав. Ингэснээр төмөр замын компанийн 30 жилийн ирээдүйг урьдчилан харж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд тээвэрлэлт хийх 12-9853 загварын 100 ширхэг ачааны хагас вагоныг ОХУ-ын Тихвинскийн вагоны үйлдвэрээс хүлээн авав. Уг загварын вагон нь одоогоор олон улсад тээвэрлэлт хийж буй ачааны вагоны төрлүүдээс даац, багтаамж зэрэг олон үзүүлэлтээр давуу юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжлийн баг “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050” урт хугацааны тээвэрлэлтийн хөтөлбөрийг боловсруулан, ТУЗ-ийн тогтоолоор батлав.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн эхний 100 км дээд бүтцийг барьж дуусгав. Өдгөө уг төмөр зам дээгүүр аж ахуйн галт тэрэг аялж, төмөр зам барихад шаардагдах бараа, материалыг тээвэрлэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.
Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэг тохирох асуудлыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодотговол, уг хурлаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай хоёр орны Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив. Ийнхүү тус боомтууд төмөр замаар холбогдсоноор Монгол Улс, Хятад Улсын хооронд 60 гаруй жилийн дараа төмөр замын хоёрдахь гарц нээгдэж буй түүхэн үйл явдал юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Уг хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль зэрэг байгууллагууд дэмжин, хамтран ажиллав.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт багц асуудлын үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил тусгагдсан. Уг ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус бүс нутагт ажиллах үеэрээ төслийн барилгын ажлын нээлтэд оролцов.