Н.БУДБАЯР: “ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД” БООМТ МАНАЙ УЛСЫН ХОЁР ДАХЬ ТОМ ГАРЦ БОЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭЛЭХ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяртай ярилцлаа

-“Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдаад зургаан жилийн хугацаа өнгөрсөн байна. Төрийн өмчит төмөр замын компани байгуулах болсон тухайн цаг үеийн нөхцөл, шалтгааны тухай яриагаа эхэлье. Ер нь танай компанийн гол стратеги нь юу юм бэ?

-“Тавантолгой төмөр зам” компани одоогоор төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, суурь бүтцийн хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах, төмөр замын тээвэрлэлттэй холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. УИХ-аас жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. Энэхүү үндсэн чиглэлд Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, автозамын бүтээн байгуулалтын асуудлыг тусгасаар ирсэн.

УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол батлагдаж, энэ дагуу Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн. Мөн тухайн ондоо Засгийн газрын тогтоол гарсан. Үүнд, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын үйл ажиллагааг эхлүүлэх, төслийг хэрэгжүүлэх дэд бүтцийг барьж байгуулах тухай заасан байдаг. Ингэж төрийн эрх барих байгууллагуудын шат шатандаа гаргасан шийдвэрийн дагуу Тавантолгой бүлэг ордтой холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” компани байгуулагдсан түүхтэй.

Төрийн өмчит компани байгуулж, төслийг хаанаас санхүүжүүлж, хэрхэн явуулах тухай шийдвэрийг ч Засгийн газраас баталсан. Манай компанийн 34 хувийг “Монголын төмөр зам” ХК, 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшдэг. Тавантолгой бүлэг орд дээр байгаа нүүрс, эрдэс баялаг, бүтээгдэхүүнүүдийг захиалагч тал буюу холбогдох газар хүргэх нь бидний үүрэг. Эрдэс баялгаа хүргэж, үнэ цэнээ өсгөх нь монгол улсын хөгжлийн нэг стратеги шүү дээ. Энэ нь өөрөө үнэ цэнтэй ажил юм. Өмнө нь манай улсад төмөр замын асуудал маш олон жилийн хугацаанд яригдаж ирснийг дурдах нь зүйтэй. Ялангуяа “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын асуудал 2010-аад оноос эхлэлтэй. Тавантолгой, Ухаа худгийн ордыг ашиглаж эхэлснээс хойш л яригдсан.

Өнгөрсөн цаг хугацаанд алдаа, оноотой зүйл олон байдаг ч 2018 оноос ерөнхийдөө Тавантолгой бүлэг ордыг түшиглэсэн бүтээн байгуулалтууд эхэлж, үйл ажиллагаа жигдэрсэн гэж хэлж болно. Төмөр замын суурь бүтэц эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгож, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам барих ажил анх эхэлсэн.  2023 онд ажлаа авч байхад 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2024 оны гуравдугаар улирлын байдлаар бид 44 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан амжилттай байна. 

-Төмөр замын бүтээн байгуулалтаас гадна тээврийн үйлчилгээ явуулж, Тавантолгойн ордоос гарч байгаа эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг хүргэж ажилладаг юм байна. Энэ процесс хэр амжилттай явж байна вэ?

- “Тавантолгой төмөр зам” компани “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхээр анх байгуулагдсан. Төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцсан. Бид Тавантолгойн орд дээр байгаа эрдэс, баялаг бүтээгдэхүүнээ тээвэрлэлт хийгээд эхэлсэн.  Удахгүй төмөр замын холболт хийгдсэнээр Гашуунсухайт боомтоор урд хөрш рүү манай бүтээгдэхүүн саадгүй гарч, хоёр улсын хооронд  хоёр дахь том гарц бий болох юм. Төмөр замын бүтээн байгуулалт маань одоогоор Гашуунсухайт боомт хүртэл баригдаж, тэр хүртэл эрдэс баялгаа тээвэрлэх ажил явагдаж байна. Худалдан авагч тал маань БНХАУ. Экспортоо шууд хийх боломж бий. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд нэмэлт тогтоол гарч, эхний ээлжинд шилжүүлэн ачих терминалыг Гашуун сухайт боомт дээр байгуулсан. Боомт хүртэл явсан бүтээгдэхүүнийг төмөр замаас авто зам руу шилжүүлэн ачиж байна. Энэхүү терминал нь жилийн 12.5 сая тонн ачааг дамжуулан ачих хүчин чадалтай бөгөөд энэ онд ашиглалтад оруулсан. Одоогоор үйл ажиллагаа нь тогтворжоод явж байна.

Ер нь “Тавантолгой төмөр зам” компанийн туршилтын тээвэрлэлт 2022 оны есдүгээр сард эхэлж тус ондоо 260 мянган тонн тээвэрлэлт явуулсан. 2023 онд хоёр сая тонн тээвэрлэлт хийж, 2024 оны есдүгээр сарын байдлаар гурван сая тонн тээвэрлэлт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Цаашид ч энэ хэмжээ өсөн нэмэгдэх боломжтой. Анх “Тавантолгой төмөр зам” компани төсөл хэрэгжүүлэгч компани байсан бол цаг үеийн явцад шилжилт хийж, дараагийн үе шат буюу тээвэрлэлт рүү түлхүү оролцсон компани болсон. 

-Хил холболтын асуудал олон жил яригдаж байна.  Маргаантай асуудал ч олон байдаг. Гэхдээ Засгийн газар хооронд гэрээ байгуулж холболтын ажил  нэлээд нааштай байгаа гэж сонссон. Энэ тухай ярихгүй юу?

-Түүх яривал их урт болно. 2014 онд энэхүү төмөр замын холболтын асуудал улс төрийн хүрээнд яригдаж байжээ. Өнөөдөр 10 гаруй жил болсны дараа хил холбогдох шатандаа ирсэн байна. Энэхүү ажил дан ганц манай улсаас хамаарахгүй гэдгийг энд дурдах хэрэгтэй. Хоёр улсын Засгийн газар хооронд яриа хэлэлцээр хийж, гэрээ байгуулах гээд цаг хугацааны хувьд ч нэлээд нүсэр ажил болох нь ойлгомжтой.  Ямартай ч манай улсын зүгээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг хилийн ойролцоо аваачсан учраас одоо холболтын ажлаа явуулах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Нөгөө талаас Хятадын тал мөн төмөр замаа Ганцмодны боомт дээр авч ирсэн. Одоо хоёр төмөр замаа холбох нь экспортын болоод эдийн засгийн томоохон гарц болох чухал ач холбогдолтой юм.   Манай улсаас эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Хил холболтыг хийснээр энэ чиглэлд томоохон ахиц гарах нь ойлгомжтой. Тиймдээ ч Шинэ Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Үүний хамгийн нэгдүгээрт, “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэрлэжээ. Энэ төмөр замыг холбосноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2-3 хувиар өсгөх боломжтой. Энэ боломжийг бий болгохын тулд бид өнгөрсөн хугацаанд хил холболтын төмөр замын зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулсан. Үүний суурь нөхцөл болж, хоёр орны Засгийн газар хооронд холбогдох гэрээ хэлцэл хийгдсэн.  Холбогдох байгууллагуудын төлөөллүүд уулзаж, асуудлаа ярилцаж, ойлголцлоо. Би “Тавантолгой төмөр зам” компанийн захирлын үүрэгт ажлыг хүлээж авснаас хойш энэ чиглэлд онцгой анхаарч ажилласан. 2023 оны долоодугаар сарын 7-нд хил холболтын ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоол гарсан. Дараа нь Засгийн газрын тогтоол 2023 оны наймдугаар сард гарч, холбогдох ажлын хэсгүүд байгуулагдаж, 2024 оны дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд гүүрэн байгууламжаар хилийг холбох тухай хэлэлцээр амжилттай хийгдлээ. Энэхүү Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хил холболтын ажлыг шинэ шатанд гаргасан хамгийн том шийдвэр, түлхэц байлаа. Ийнхүү “Гашуунсухайт-Ганцмод” боомт маань гүүрэн байгууламжаар хилээ холбох нөхцөл бүрэн бүрдээд байна. Энэхүү хил холболтын ажлыг Монголын талаас “Тавантолгой төмөр зам” компани, Хятадын талаас “Чайна энержи” компани бүрэн хариуцаж байна. Энэ жил бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

- Бүтээн байгуулалтын ажил хэр удаан үргэлжлэх вэ. Ер нь хил холболтыг хэзээ хийж, нээхээр төлөвлөөд байна вэ.  Огтлолцлын цэг нь зөрүүтэй гэсэн маргаантай ойлголт гараад байдаг. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?

Монгол Улсын засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын хуралдаанаар Монгол-Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид таван жилийн хугацаатай олгосон юм. Энэ хугацаанд уг төслийн зураг төслийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Удахгүй холбогдох байгууллагуудтай гэрээнүүдээ хийнэ. Түүний дараа дахин Хятадын талтай хэлэлцээр хийхээр байгаа.  Хил дамнасан бүтээн байгуулалт гэдэг утгаараа хоёр улс бүхий л асуудал дээр бүрэн ойлголцох нь чухал. Тиймээс  олон талын дэмжлэг, оролцоог хангаж ажиллана. Манай талаас Зам, тээвэр хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, “Эрдэнэс тавантолгой” ХК болон хил, гаалийнхан бүгд хамтран ажиллаж байна. Урьдчилсан нөхцөлөөр барилга угсралтын ажил эхэлснээс хойш 24 сарын хугацаанд бүтээн байгуулалтыг дуусгаж, хилийн холболтыг хийхээр байгаа. Огтлолцлолын цэг зөрсөн асуудалд, Хятадын тал 2016 онд Ганц модны боомт дээр төмөр замаа бариад авчирчихсан. Манай тал хойноосоо урагшаа чиглэлд төмөр замаа бариад газрын хэвгий таарсан ч инженер геодезийн зураглалын дагуу боломж бололцоогоороо очсон. Гэтэл Гашуунсухайтын боомт байгаа газар маань өөрөө нам дор газар. Хятадын Ганцмод боомт өндөрлөг газарт байж таарсан. Тэгэхээр хил холбоход өндөр намын асуудал л үүссэн. Тиймээс хоёр тал ярилцсаны үндсэн дээр “Гашуунсухайт-Ганцмод”-ны төмөр замын холболтыг гүүрэн байгууламжаар бүтээн байгуулахаар тохиролцсон. Гүүрэн байгууламжийн зураг төсөл хийгдэж байна. Хятадын талаас хил дээр орж ирэх цэг нь манай төмөр замаас нийтдээ 32 метр өндөр байна. Тэр ч утгаараа урьд өмнө манай улсад хийгдэж байгаагүй томоохон мега төсөл, инженерийн бүтээн байгуулалт болох юм.

- Хөрш оронтойгоо гэрээ хэлэлцээр хийгээд учраа олчихсон. Төрийн эрх барих байгууллагын тушаал шийдвэр тогтоол нь батлагдчихсан. Гүйцэтгэгчээ шалгаруулах түвшинд ирсэн байна. Тухайн газар нутгийн иргэд, хувийн хэвшлийн уур амьсгал ямар байгаа бол?

-Ямар ч ажилд асуудал байдаг. Гэхдээ бид аливаа асуудлын ард гарахын тулд мэргэжлийн баг, хамт олонтойгоо ажиллаж байна. Ер нь би удирдлагын түвшинд бие даасан бодлого хэрэгжүүлдэггүй. Багийн шийдвэрийг илүүд үздэг. Тийм болохоор төслийн хувьд бодлогын алдаа гарахгүй байх. Дөнгөж төсөл эхэлж байгаа учраас одоогоор ямар нэгэн асуудал үүсээгүй байна.

Бид аливаа асуудлын ард гарахын тулд мэргэжлийн баг, хамт олонтойгоо ажиллаж байна. Ер нь би удирдлагын түвшинд бие даасан бодлого хэрэгжүүлдэггүй. Багийн шийдвэрийг илүүд үздэг. 

- Монгол Улсын Засгийн газраас 2025 онд багтааж хэрэгжүүлэх 14 мега төслийг зарласан. Эдгээр төслийн хамгийн эхэнд хил холболтын асуудал эрэмбэлэгдээд байна. Ер нь том төслүүдээ хөдөлгөх Засгийн бодлогыг та хэрхэн харж байна вэ?

- Монгол Улс хөгжлийн шинэ гарцан дээр ирээд байна. Энэ гараанаас улс орны цаашдын хөгжлийг тодорхойлно. Тэгэхээр Засгийн газраас цаашид хөгжих боломж бололцоог эрэлхийлж, томоохон төслүүдээ хөдөлгөх нь хамгийн оновчтой. Энэхүү бодлогыг дэмжиж, манай компани томоохон мега төслийн эхнийхийг нь хэрэгжүүлэхээр зүтгэж байна. 2021 онд “Гашуунсухайт-Ганцмод” хилийн боомтыг холбох хил огтлолцлолын эцсийн цэгийг тогтоосон. 2022 оны наймдугаар сард БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо болон Монгол Улсын Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам хооронд санамж бичиг зурагдсан. 2023 оны хоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Чайна энержи интернэйшнл” компани, “Чайна Энержи Баошөн төмөр зам” компаниудын хооронд санамж бичиг зурагдсан. 2024 оны дөрөвдүгээр сард хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулаад байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж байгаа айлчлалууд ч үүнтэй холбоотой. Хэлэлцээр тохиролцоонд хүрснээр 10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын хоёр хилийг төмөр замаар холбосон хоёр дахь гарц “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төслийг эхлүүлэхэд нэгэн чухал алхам хийгдэж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр бид жилд 30-50 сая.тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болохоос гадна эдийн засгийн эргэлт нэмэгдэж, нийгмийн ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих, манай улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд стратегийн өндөр ач холбогдолтой юм.

Мэдээж 14 мега төсөл маань бүгдээрээ богино хугацаанд хэрэгжиж үр дүнгээ өгөх боломжгүй. Цаг хугацаа, хичээл зүтгэл, хөрөнгө санхүүгийн ч асуудал бий. Гэхдээ Засгийн газрын бодлого төлөвлөлт гэдэг мэдээж нэг компанийн асуудал биш улс орны хувь заяатай холбоотой асуудал. Тэгэхээр энэхүү төслүүдийг зарлаж хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Монгол Улс маань энэхүү төслүүдээ дагаад эдийн засгийн өсөлтөд хүрэх биз ээ. Ингээд эдийн засаг өсөөд ирэхээр улс орны хөгжил шинэ шатанд хүрнэ гэж найдаж байна. Ер нь манай улсын хувьд 14 төслөөр хязгаарлагдахгүйгээр маш олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж бололцоо бүрэн бий гэж хардаг. 

- “Тавантолгой төмөр зам” компани аж үйлдвэрийн чиглэлд хэрхэн ажиллах вэ. Ингэж асуусан нь манай улсын түүхий нүүрс гаргах үе удахгүй дуусна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийт түүхий нүүрс сонирхохоо болино гэдэг яриа гарах боллоо. Энэ хэр үнэний ортой юм бэ?

-Манай толгой компани бол “Эрдэнэс Тавантолгой” ХК.  Яг одоо нүүрс олборлох, баяжуулах, үйлдвэрлэх чиглэлд толгой компани маань ажиллаж байна.  Нүүрсний экспорт жилээс жилд нэмэгдэж байна. Нүүрсийг биржээр худалдаалах хууль батлагдсантай холбоотойгоор борлуулалт ч нэмэгдэж байгаа. Нөгөө талдаа Тавантолгойн орд дээр баяжуулах үйлдвэр баригдаж байна. Удахгүй ашиглалтад орно. Тэгэхээр нүүрсээ баяжуулаад ирэхээр илүү сайн чанарын бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ. Нүүрс тээвэрлэлттэй холбоотой зарим хүндрэлтэй асуудлууд ч шийдэгдэнэ гэж харж байна. “Тавантолгой төмөр зам” компанийн хувьд Тавантолгой бүлэг ордоос гарсан бүтээгдэхүүнийг экспортод оруулахад тээвэрлэлт хийх гол үүргийг гүйцэтгэж байна. Нөгөөтээгүүр, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дан ганц нүүрс тээвэрт зориулагдсан төмөр зам биш юм. Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай хийгдэж дууссанаар "Тавантолгой төмөр зам" компанийн ирээдүйг өндөр түвшинд харж байгаа.

- Манай улс хоёр хөрштэй. Танай компанийн хувьд голдуу урд хөрштэй үйл ажиллагаагаар холбогдож байна уу. ОХУ-тай хамтын ажиллагаа бий юу?

-Гадаад харилцааны хувьд манай компани бусад компанийн жишгээр төмөр замын чиглэлээр тодорхой улс орнуудтай хамтран ажиллаж байна. Төмөр замын шинэ технологиуд, дараагийн шатны бүтээгдэхүүнүүд дээр урд хөрш маань хөгжлөөрөө тэргүүлж байна. Бидэнд тэднээс суралцах зүйл олон байна. Өнгөрсөн хугацаанд ганцхан хойд хөршөөс вагон, туслах материал авдаг байсан бол манай компани АНУ-аас гэхэд 4000 морины хүчин чадалтай зүтгүүрүүдийг авсан. Ингэснээр тээврийн хэмжээ болон бүтээмжийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болсон.  Ер нь гадаад харилцаан дээр ганцхан хөрш орнууд гэлтгүй гуравдагч орнуудтай нээлттэй харилцах бодлого барьж байгаа. Түүнчлэн “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл дээр олон улсад зэрэглэл өндөртэй компаниудын шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүнүүдийг ашиглаж байна. Энэ утгаараа “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Монголын төмөр замын салбарт шинэ технологиудыг нэвтрүүлсэн шинэ туршлага бүхий шинэ төсөл болж чадсан юм.

 “Гашуунсухаат-Ганцмод” хил холбох төмөр замын төслөөс гадна Тавантолгойн чулуун нүүрсний орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Оюутолгойн зэсийн орд зэргийг түшиглэн төмөр замаар ачаа тээвэрлэх зорилгоор “Тавантолгой-Даланзадгад-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замыг барих төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг хийж байна.

-Хил дамнасан төмөр зам барьж ашиглалтад оруулж байгаатай холбогдуулан танай компанийн хувьд хөдлөх бүрэлдэхүүнд парк шинэчлэлт хийгдэх үү?

-Бид төслийн хүрээнд орчин үеийн инновац, технологийн шийдэл бүхий нийт 811 вагон, 4500 морины хүчтэй АНУ-д үйлдвэрлэсэн шинэ үеийн 16 зүтгүүрийг хөдлөх бүрэлдэхүүндээ хүлээж аваад, ачаа тээврийн ажлыг саадгүй хэрэгжүүлж байна. Бид Монгол Улсын төмөр замын ачаа тээврийн түүхэнд хамгийн урт бүрэлдэхүүнтэй буюу 106 вагон, хамгийн хүнд жинтэй цуваа буюу 9000 тонн жинтэй ачааг тээвэрлэж түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Мөн жилд 12.5 сая тонн ачааг шилжүүлэн ачих байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Тавантолгой ордоос жилд 20 сая.тонн нүүрс ачих логистикийн төвийн ажил дуусаж туршилтын ажил ид явагдаж байна. 

 “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт нь Монгол Улсын төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Үүний нэг жишээ бол эргэдэг автоугсраатай вагоныг ашиглах явдал юм. Эргэдэг автоугсраатай вагоныг Барууны орнууд болон БНХАУ-д ашигладаг. Эргэдэг автоугсраатай вагон нь нүүрс буулгагч төхөөрөмж (вагон хөмрөгч) рүү ороход галт тэрэгнээс салгагдахгүй шууд орох нөхцөлийг бүрдүүлдэг.

Одоогийн байдлаар Монгол Улс болоод ОХУ-д ашиглаж байгаа нүүрс буулгагч төхөөрөмж (вагон хөмрөгч) рүү вагон ороход заавал вагоныг салгаж оруулах ажиллагаа хийгдэж байна. Үүнээс болж галт тэрэгний эргэлтийн хугацаа буюу ачаа тээвэрлэхэд урт хугацаа ордог.

Харин вагонд эргэдэг автоугсраа ашигласнаар БНХАУ-ын Ганцмод боомтод экспортын нүүрс буулгах вагон хөмрөгчид оруулах вагонуудыг бүрэлдэхүүнээс салгах, залгах ажиллагаатай өмнөх үеийн технологийг халж сүүлийн үеийн шинэ технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буй хэлбэр юм. Ингэснээр галт тэргэнд тээвэрлэж ирсэн нүүрсийг буулгах болон шилжүүлэх ажил асар хурдтай хийгдэж улмаар экспортын нүүрсний тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэх юм.

- 2025 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-д хийгдэх томоохон төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал?

-Бид эх орныхоо баялаг, уул уурхайн экспорт, импортыг төмөр замаар хурдан шуурхай, хямд өртгөөр байгальд ээлтэйгээр тээвэрлэх замаар логистикийн үйлчилгээний нэмүү өртөг шингээх үндэсний хэмжээний том, цогцолбор төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид ч яг энэ зорилгын хүрээнд бизнесийн цар хүрээг тэлсэн төслүүдийг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

“Гашуунсухаат-Ганцмод” хил холбох төмөр замын төслөөс гадна Тавантолгойн чулуун нүүрсний орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Оюутолгойн зэсийн орд зэргийг түшиглэн төмөр замаар ачаа тээвэрлэх зорилгоор “Тавантолгой-Даланзадгад-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замыг барих төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг хийж байна. Мөн “Вагон угсралтын үйлдвэр барих” төсөл, “Зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх” төсөл, “Тээвэр логистикийн цогцолбор” төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

- Та “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдоод жил гаруй болчхов уу. Төрийн өмчит компанийн удирдлагаар ажиллах амаргүй л дээ. Таны өмнө ажиллаж байсан захирал хуулийн байгууллагад шалгагдаад эхэлсэн. Ер нь гашуун түүхүүд байдаг шүү дээ. Та энэ ажлыг хүлээж авахдаа эмээж байв уу. Ер нь ажилдаа ямар зарчим баримтлан ажиллаж байна вэ?

-Энэхүү ажлыг хүлээж авахдаа айж эмээж байсангүй. Томоохон төслийг эцэслэж дуусгах, мега төслийг эхлүүлж, ашиглалтад оруулж, үр дүнг нь үзэх зорилго байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын 5 төслийн гүйцэтгэл 98 хувьд хүрлээ. Одоо тоног төхөөрөмж, зүтгүүрүүдээ хүлээж авах багахан ажил үлдсэн. Мэдээж томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээр хөндлөнгийн аудитын байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна. Дүгнэлтүүд удахгүй гарна. Төмөр зам барина гэдэг амаргүй. Маш том бүтэц, бүрэлдэхүүн шаардлагатай. Барьсан төмөр замыг мэргэжлийн инженерүүд хянадаг. Тэр ч утгаараа төмөр замыг барих, ашиглах чиглэлээр мэргэшсэн инженерүүдийг бэлдэх суурь бааз, үндэс суурийг энд тавьж байна.

Компанийн удирдлагад очсон цагаасаа компанийн засаглал, хөрөнгийн менежмент, хүний нөөцийн бодлого, орчин үеийн төмөр замын технологи зэрэгт голчлон анхаарч ажиллалаа. Иймдээ ч бид бүхэн улс орны эдийн засагт орлого оруулагч томоохон компаниудын нэг болж өнөөдрийн байдлаар манай нэг ажилтны дундаж цалин 1000 ам.доллартай тэнцэхүйц болсон байна.

Миний зорьж байгаа дараагийн нэг том зорилго бол “Тавантолгой төмөр зам” компанийг Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд төмөр замын чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч дэлхийн жишигт хүрсэн инновацлаг, инженерчилсэн компани болгох юм. Энэ бол манай компанийн алсан хараа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *