Тавантолгой төмөр зам ХХК-ийн Ерөнхий инженер Ч.Гартаам: Галт тэрэгний ачаа тээврийг ахисан түвшинд хүргэнэ
Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Суурь бүтэц хооронд ачаа солилцох, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.2-т заасны дагуу төмөр замын суурь бүтэц эзэмшигч , тээвэрлэгч нарын төлөөлөл оролцсон суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох гуравдахь удаагийн ээлжит зөвлөгөөнийг өнөөдөр /2024.11.07/ "Новотел" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд "Тавантолгой төмөр зам" ХХК болон Зам тээврийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, "УБТЗ" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, “Монголиан Транс Лож" ХХК, "Монголиан транс лайн" ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллага, төмөр замуудын удирдлагууд оролцож суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ болон тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж, харилцан тохиролцож, хэлэлцээр байгууллаа.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьд АНУ-ын ”Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 16 зүтгүүр авч байгаагаас одоогоор 2 зүтгүүр нь УБТЗ-ын гол замаар ачаа тээвэрлэж байна. Цаашид хөдлөх бүрэлдэхүүнийхээ тоог нэмэгдүүлж, төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаанд өндөр оролцоотой ажиллахаар зорьж байна.
Энэ талаар ТТЗ ХХК-ийн Ерөнхий инженер Ч.Гартаам хэлэхдээ “Галт тэрэгний ачаа тээврийн эргэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрхэн зөв зохион байгуулах асуудлыг ахисан түвшинд гаргах талаар хэлэлцэж байна. Үүнд тус хурлын ач холбогдол орших юм. Тодруулбал, ачаа эргэлтийн мэдээллийг цахимжуулах, бичиг баримтыг зөв боловсруулах зэрэг нь зайлшгүй шийдэх асуудал болсон тул оролцогч талууд нухацтай хэлэлцэж байна.ТТЗ ХХК-ийн хувьд барилгын материал, түлшний үйлдвэрүүдийн экспортын хэрэгцээг хангах, буцаад говийн бүсрүү хэрэгцээт ачаа бараа тээвэрлэх зорилттойгоор ажиллаж байна” гэв.
Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн дарга А.Буяннэмэх “Энэхүү хурал жил ирэх бүр өргөжиж, илүү зохион байгуулалттай болж байна. Төмөр замууд байгуулагдаж байсан үеэ бодвол боловсон хүчний хувьд жигд, хөдлөх бүрэлдэхүүний тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр 1.4 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол энэ жил 5.4 сая тонн ачааг шинэ төмөр замууд хоорондоо тээвэрлэхээр тооцоолж байна. Ачаа тээвэр өмнөх жилээс 3 дахин нэмэгдсэнтэй холбоотой хариуцлага улам бүр нэмэгдэх юм. Үүнээс гадна олон асуудлыг тус хурлаар ярилцлаа. Тухайлбал, ачаа тээврийн программ хангамжийн нэгдсэн байдлыг хэрхэн хангах, хөдлөх бүрэлдэхүүнийг гэрчилгээжүүлэх, технологийн нэгдсэн процессийг хэрэгжүүлэх, өөр бусад зүтгүүрүүдийг хөдөлгөөнд оролцуулах зэрэг асуудлыг ярилцаж байна. Цаашид хилийн холболтууд нэмэгдэхийн хэрээр экспорт, импортын ачаа эргэлт нэмэгдэх нь тодорхой болно.Иймд төмөр замуудаа барьсан нь зөв, оновчтой бодлого байсан гэж үзэж байна. Улс орны онц чухал асуудал болохоор маргаантай асуудал их гарна. Тэдгээр асуудлуудаа хэлэлцэж Засгийн газар, Орос-Монголын Ерөнхий хороо зэрэг томоохон байгууллагуудаар шийдвэрлүүлэх нь хурлын гол зорилго юм” гэв.
Жил бүр төмөр замын ачаа тээвэр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор гуравдахь жилдээ тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөнийг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс зохион байгуулж байгаа бөгөөд ирэх жил “Тавантолгой төмөр зам” ХХК зохион байгуулах юм.
Сэтгэгдэлүүд