ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫНХАН ХӨГЖЛИЙН БОЛОМЖУУДАА ХЭЛЭЛЦЛЭЭ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр /2024.11.15/ Монголын тээвэр жуучлагчдын нэгдсэн холбооноос 3-дахь жилдээ зохион байгуулж буй ‘’Логистик Форум 2024’’-д оролцлоо.
Форумд Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Зам тээврийн яам, МҮХАҮТ зэрэг төрийн байгууллага, төмөр зам, авто зам, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТӨХК болон хувийн хэвшлийнхэн, судалгааны баг, банк санхүү, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Монгол улсын худалдаа, эдийн засгийн хэтийн төлөв, тээвэр логистикийн байдал, Монгол Улсад хэрэгжиж буй тээвэр, Монгол Улсын боомтын хөгжил зэрэг сэдвээр холбогдох байгууллагууд илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл өглөө.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь ачаа тээврийн чиглэлээр 3-дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй төмөр замын тээврийн тэргүүлэх компаниудын нэг юм. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын техник эдийн засгийн үндсийн судалгааг тус компани яг одоогоор боловсруулан ажиллаж байна. Тиймээс энэхүү арга хэмжээнд оролцож тээвэр, логистикийн салбарын сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, судалгааны тайланг сонсож байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн форум нь 2024 онд монголын болон дэлхийн тээвэр логистикийн салбарт өрнөж буй үйл явдлууд, үр дагавруудыг тойрон хэлэлцэж, цаашид хүлээгдэж буй нөхцөл байдал, салбарын хөгжлийн төлөөх санал санаачилгуудыг нэгтгэн төр засгийн хэмжээнд хүргэн ярилцаж байгаагаараа онцлогтой.
Сэтгэгдэлүүд