ХИЛ ХОЛБОЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЭЦЭСЛЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
Тавантолгой төмөр зам ХХК-ийн хэрэгжүүлэх мега төсөл Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.02.05/ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт олгосон юм. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцоллоо. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг зөвшөөрлийн дагуу олгосон. Энэхүү эрхийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд энэ сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын үеэр буюу . 2025 оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд Гашуунсухайт-Ганцмод хил холболтын хэлэлцээрт хоёр улсын Засгийн газар эцсийн байдлаар гарын үсэг зурахаар болсон. Хэлэлцээрт, Монгол Улсыг төлөөлж Зам тээврийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар, БНХАУ-ын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нар гарын үсэг зурах юм ” гэв.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн өсөлт, экспортын чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах томоохон мега төсөл бодит ажил болон хэрэгжихэд улам ойртлоо.
Сэтгэгдэлүүд