“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ТЕХНИКИЙН ХҮЧИН ЧАДЛАА САЙЖРУУЛСНААР ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГЭЭ ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

“Тавантолгой төмөр зам” ХХК дэвшүүлсэн стратеги төлөвлөгөө, зорилтын хүрээнд тээвэрлэлтийн хэмжээгээ жил бүр өсөн нэмэгдүүлж 2024 онд өмнөх оноос 2 дахин, нийтдээ 4.0 сая гаруй тонн ачааг тээвэрлэсэн юм.

Тус компанийн хувьд төмөр замын суурь бүтэц барих төслийн үйл ажиллагаанаас тээвэрлэлтийн үйл ажиллагаа руу шилжсэн цагаас хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлж, парк шинэчлэлийг сайжруулах шаардлага үүсэн.

Төлөвлөгөөний дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК тээврийн паркаа орчин үеийн, өндөр хүчин чадалтай, аюулгүй ажиллагааг хангасан 16 зүтгүүр, 800 вагоноор шинэчилж тээвэрлэлтэд нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Зүтгүүрүүдийн хувьд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанид үйлдвэрлэсэн SD70ACe/LW загварын Монгол орны говийн байгаль, цаг агаарын нөхцөлд тохирсон, 4500 морины хүчтэй, дизель хөдөлгүүртэй, орчин үеийн технологиор тоноглогдсон гэдгээрээ онцлогтой. Харин ачааны вагоны хувьд ОХУ-ын Тихвинскийн үйлдвэрээс нийлүүлсэн 25 тонн голын даацтай, олон улсын стандартын шаардлагыг хангаж буй техник юм.

Ийнхүү парк шинэчлэл хийсний үр дүнд тус компани 2024 онд тээврийн үйл ажиллагаанаас 95.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 42.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас улсад нийт 10.8 тэрбум төгрөгийн татварыг төлсөн.

Энэ онд хэрэгжиж эхлэх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, хоёр улсын хооронд төмөр замаар хил нэвтрэх гүүрэн гарц баригдсанаар тус компани суурь бүтцээрээ жилдээ 30 гаруй сая тонн ачааг тээвэрлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *