
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АХМАД АЖИЛТАНД ХАМТ ОЛОН НЬ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Тээврийн удирдлагын газрын Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Ё.Сүхээ төмөр замын салбарт 37 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласнаар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн гавьяаны амралтаа авлаа.
Ё.Сүхээ нь 2021 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төслийн мэргэжилтнээр, 2022 оноос ЗААХ-ийн даргаар томилогдож ажилласан. Энэ хугацаандаа компанийн гол техникүүд болох АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 16 зүтгүүрийг хүлээн авч, зүтгүүрийн найдвартай ажиллагааг хангах, галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй аюулгүй үйл ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах зэрэгт хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй ажилласан юм.
Ё.Сүхээ нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төдийгүй Монгол Улсын төмөр замын салбарын урдаа барьдаг инженерүүдийн нэг бөгөөд 1981-1987 онд ОХУ-ын Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг Зүтгүүрийн инженер механик мэргэжлээр төгсөж, 2002-2006 онд Москва хотын Зам харилцааны их сургуульд суралцаж Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, ТрансКон ХХК зэрэг байгууллагуудад шинэ зүтгүүр худалдан авах, төмөр зам барьж байгуулах, тендерийн материал боловсруулах зэрэг мэргэжлийн ажилд гар бие оролцож байсан тэрбээр ажлын гараагаа илчит тэрэгний засварчнаас эхэлж Монголын зүтгүүрийн инженер мэргэжилтний холбооны ерөнхийлөгч хүртэл мэргэжлээрээ ажилласан юм.
Ё. Сүхээ хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ “Миний бие “Тавантолгой төмөр зам” ХХК-даа олон сайхан мэргэжлийн инженерүүдтэй гар сэтгэл нийлж хамтран ажиллалаа. Энэ хугацаанд бид Монгол улсад урд өмнө нь явуулж байгаагүй орчин үеийн зүтгүүрийг захиалан хүлээн авч, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа. Манай компанийн оруулж ирсэн АНУ-д үйлдвэрлэсэн 16 зүтгүүр нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад 40 жил тээврийн үйл ажиллагаа явуулах боломжтой дэвшилтэт технологи юм. Цаашид тээврийн хэмжээг нэмэгдүүлж, компанийн орлогыг сайжруулахад зүтгүүрийн хувьд бүрэн боломжтой боллоо. Мөн техник, технологийн тасралтгүй үйл ажиллагааг хангах мэргэжлийн багийг бүрдүүлж чадсан хамт олныхоо цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэв.
“Тавантолгой төмөр Зам” ХХК-ийн удирдлага, хамт олон гавьяаны амралтаа авч буй ахмад ажилтан Ё.Сүхээгийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн хүндэтгэл үзүүлж баяр хүргэн аз жаргал, сайн сайхныг хүслээ.
Сэтгэгдэлүүд