МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН 2020-08-06 11:01:42 “Тавантолгой төмөр зам” компани нь энэ хоёр төслийг амжилттай удирдаж, төмөр замаа ашиглалтад оруулах нь монголчууд өөрсдөө төмөр зам тавьж чадна гэдгийг батлан харуулж байгаа нь хамгийн том ололт.
“Тавантолгой төмөр зам” компани нь энэ хоёр төслийг амжилттай удирдаж, төмөр замаа ашиглалтад оруулах нь монголчууд өөрсдөө төмөр зам тавьж чадна гэдгийг батлан харуулж байгаа нь хамгийн том ололт. Тус компанийн хамт олон ч хоёр жилийн хугацаанд мэргэжлийн, чадварлаг гэдгээ батлан харуулжээ. Үүний нэг илэрхийлэл нь хоёр жилийн хугацаанд 20 гаруй хүн төрийн дээд одон медалиар шагнуулсан явдал юм. Хийж бүтээж буй хөдөлмөрөө үнэлүүлэн төрийн дээд одон медалиар шагнуулсан “Тавантолгой төмөр зам” компанийн ажилчдын төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.
/ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН/
ЕРӨНХИЙ АУДИТОР Б.ЭНХБАТ: "Бүтээн байгуулалтын нөр их ажил үйлсэд анхнаас нь гар бие, чин сэтгэлээрээ жигүүрлэн оролцож эхлэхдээ төр, засаг, олон түмнийхээ өмнө хүлээсэн асар их хариуцлагатай үүрэг даалгаврыг биелүүлж, итгэлийг дааж чадах эсэхэд эргэлзэж явснаа нуугаад яахав. Улс төмөр замынхаа бодлогыг зөв тодорхойлж, тасралтгүй явуулах аваас монголчууд бид юуг ч бүтээх сэтгэл зүрхтэй, хүч, оюуны асар их нөөцтэй гэдгээ шинэ зууны энэхүү бүтээн байгуулалтын үйлсэд оруулсан өөрсдийн хувь нэмрээрээ батлан харуулж байна. Хамгийн энгийнээр бодоход монголчуудын, түүн дотроо говь, цөлийн бүсийн ард иргэдийн амьдрал ахуй, ажил эрхлэлт болон бүс нутгийн хөгжил, дэвшилд үлэмж их эерэг үр дүн үзүүлэх ажил үйлс болж байгаа нь өдрөөс өдөрт тодрон харагдаж байгаа."
/АЛТАНГАДАС ОДОН/
АХЛАХ ИНЖЕНЕР Ш.АЛТАНХУЯГ: "Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд оролцож буй идэвх санаачилга, зүтгэлийг минь төр өндрөөр үнэлсэнд баяртай байна. Энэ бүтээн байгуулалт анх эхлүүлэхдээ л эрмэг, зоримог эхлүүлсэн. Түүний үр өгөөж өнөөдөр бодит ажил болж байна."
/АЛТАНГАДАС ОДОН/
АХЛАХ ИНЖЕНЕР Р.СҮХБААТАР: "Монгол инженерүүд ТавантолгойЗүүнбаянгийн төслийн бүтээн байгуулалтыг хийж байгаа нь туйлын ололттой. Энэ төслийн хамгийн анхны шавийг тавьж гар бие оролцсондоо хамт олон, монгол залуусаараа бахархаж байна. Бидний хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж төрийн одон медалиар энгэрээ мялаалгасандаа туйлын их баяртай байна."
/АЛТАНГАДАС ОДОН/
ГҮҮР, ХООЛОЙН ИНЖЕНЕР Д.ЛХАГВАЖАВ: "Монголчууд, залуучууд хийж бүтээж чадаж байна гэдгийг үндэсний хамгийн том бүтээн байгуулалтын ажил харуулж байна. Хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд одон медалиар тодорхойлсон хамт олондоо маш их баярласан талархсанаа илэрхийлье. Энэ шагнал төсөл дээр ажиллаж байгаа хамт олон, мэргэжил нэгтнүүдийг маань шагнасан шагнал юм шүү."
/ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ/
МАТЕРИАЛЫН ИНЖЕНЕР Б.ТУНГАЛАГМӨРӨН: "Эх орныхоо их бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа нь залуучууд бидний хувьд нэг талдаа аз, нөгөө талдаа маш том хариуцлага болж байна. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын энэ ажлыг чанартай гүйцэтгэх нь бидний хариуцлагатай үүрэг. Энэ бүх өндөр хариуцлага үүрсний хувьд цаашид ч хичээж ажиллах болно. Төрийн тэргүүнээсээ төрийн одон медаль гардаж авсандаа баяртай байгаа. Энэ шагнал хамт олны минь шагнал учир хамт олондоо давхар баяр хүргэе."
/ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ/
АХЛАХ ИНЖЕНЕР Л.ИДЭРБАТ: "Төмөр замын ажил гэдэг бол километр секундээр хэмжигддэг нарийн инженерийн байгууламж. Эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа ажил хэрэг болгож баталгаажуулан үндэсний энэ бүтээн бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй энэ ажлын бүтээмжийг минь үнэлж төрийн тэргүүнээс их хүндтэй шагналыг гардан авсандаа баяртай байна.. Энэ бол цаашид биднийг улам ихийг хийж бүтээгээрэй гэсэн урам зориг өгсөн зүйл боллоо. Энэ шагнал хамт олныг минь үнэлсэн үнэлэмж учирхамт олондоо бас баяр хүргэе."
Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл
Сэтгэгдэлүүд