
ХААЛТТАЙ БҮСИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА
Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд одоогийн байдлаар “Бүтээн байгуулалтын хаалттай бүс”-ийн ажил хийгдэж байна.
Хаалттай бүсийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 инженер, техникийн ажилтан болон 144 ажилчин ажиллаж байна. Бетон зуурмагийн үйлдвэрийн угсралтын ажил 45.5 хувь, арматур бэлтгэх талбайн ажил 81.5 хувь, дайрга хадгалах агуулахын ажил 30.86 хувь, ажилчдын кемп байгуулах ажил 70.83 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Гүүр-1-ийн 176 дугаар тулгуурын бетон цутгалт бүрэн дуусч, хэв хашмал задлах ажил хийгдэж байна. Мөн хаалттай бүсийн гаднах есөн байрлалд дугуй болон дөрвөлжин хоолойн тэнхлэг, түвшинг шалгуулж баталгаажуулсан бөгөөд эдгээрт нийт 48,703.77 м³ ухмал ажил гүйцэтгэгдсэн нь 26.71 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үүнээс гадна хаалттай бүсэд байгуулсан 54 цэгийн геодезийн хяналтын хэмжилтийг WGS84 датум, UTM48 тусгагаар өндөр нарийвчлалтай хийж дуусгасан байна.
Дугуй хоолойн суурийн буцаан дүүргэлтэд ашиглах материалыг 28 болон 85 км-ийн зайд байрлах карьераас сонгон авч туршилт, шинжилгээнд хамруулсан. Үр дүнд нь төслийн талбайд ашиглагдах төмөр бетонон дугуй хоолойн чанар болон техникийн үзүүлэлтүүд нь зураг, техникийн шаардлагыг бүрэн хангасан болохыг баталгаажуулав
Сэтгэгдэлүүд