
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ЯВЦ, ГҮЙЦЭТГЭЛ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн талбайд одоогоор нийт 220 инженер, техникийн ажилтан, 60 гаруй машин механизм ажиллаж, барилгын үндсэн болон бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд пүүний барилга угсралт, хаалттай бүсийн хашаа болон өргөст тор татах ажлууд бүрэн дууссан бол ажилчдын кемпийн барилга 83.3 хувь, арматур бэлтгэх талбай 81.5 хувь, бетон зуурмагийн үйлдвэрийн угсралт 70.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус үйлдвэр угсралтын ажлаа дуусгаж, туршилт тохируулгын ажил эхлэхэд бэлэн болжээ. Мөн бетон дүүргэгч материалын агуулахын ханын ажил бүрэн дуусч, шалны бетон цутгах ажил хийгдэж байна.
Төмөр замын дээд, доод бүтцийн ажил буюу багц 1-ийн хүрээнд нарийн царигийн төмөр замын ус зайлуулах байгууламжийн суурийн ухмал 14,3 м³ гүйцэтгэгдэж, нийт ажлын гүйцэтгэл 7.57 хувьд хүрээд байна. Мөн төслийн нийт хэмжээнд 364.7 урт метр төмөр бетон дугуй хоолойн хэсэглэл талбайд нийлүүлэгдсэн нь төлөвлөгдсөн төмөр бетон дугуй хоолойн хэсэглэл /кольцо/ ажлын 87.97 хувийг бүрдүүлж байгаа юм. Нарийн царигийн төмөр замын ПК225+000–ПК228+500 хооронд технологийн замын ажлыг эхлүүлж, ус зайлуулах байгууламжийн ажлыг зэрэг явуулж байна.
Гүүрийн ажил буюу багц 2-ын хүрээнд урт гүүрийн шон суурийн 2382 ширхэгээс 114 ширхгийг байгуулж, 4.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Тулгуурын хөндлөн нуруу (ростверк) 291-ээс 3, завсрын тулгуур 287-оос 1 ширхэгийг тус тус хийж, ажил гүйцэтгэлийн явц 1 орчим хувьд хүрээд байна.
Монголын талд хос замтай гүүрийн 8 тулгуурын ажил эхэлж, 175 дугаар тулгуурын арматур, хэв хашмал, 174 дүгээр тулгуурын суурийн арматурчлал, 172 дугаар тулгуурын шонгийн толгой эвдэх зэрэг ажлууд хийгдэж байна.
Одоогоор БНХАУ-ын талаас 14 ажилчин, нэг экскаватор, нэг кран, нэг трайлер ажиллаж байгаа бөгөөд гүүрийн бетон зуурмаг, арматурын бэлдэцийг Хятадын хил орчмын үйлдвэрээс нийлүүлж байна.
Төслийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэлийг авч үзвэл бэлтгэл ажил 80 орчим хувь, төмөр замын дээд, доод бүтцийн ажил 7.57 хувь, гүүрийн ажил 4.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бусад багцуудын хүрээнд зураг төсөл болон материалын бэлтгэл хангах шатанд ажил үргэлжилж байна.
Цаашид төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр улсын хил дамнасан бүсийн нэгдсэн зохицуулалт болон ажиллах хүчний хангалтыг сайжруулах замаар ажлын гүйцэтгэлийг түргэтгэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд