ХОЛБОО ХАРИУЦСАН АХЛАХ ИНЖЕНЕР С.САРУУЛМЭНД, ЗАМ ХЭМЖИГЧ ВАГОНЫ ДАРГА Д.БАЙГАЛМАА НАР ТӨРИЙН ДЭЭД АЛТАН ГАДАС ОДОН ХҮРТЛЭЭ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Холбоо хариуцсан ахлах инженер С.Саруулмэнд, Зам хэмжигч вагоны дарга Д.Байгалмаа нар Төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. С.Саруулмэнд улсад 34 жил ажилласны 25 жилд нь цахилгаан, холбооны салбарт, үүнээс 10 гаруй жилд нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны III ангид Чойр шугамын хэсгийн радио механикаар, Д.Байгалмаа улсад 38 жил ажилласны 34 жилд нь төмөр замын салбарт ажиллажээ.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар Ахлах инженер С.Саруулмэнд, Зам хэмжигч вагоны дарга Д.Байгалмаа нарыг хүлээн авч уулзан, Монгол Улсын анхны I зэрэглэлийн уулзваргүй, хүнд даацын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулж, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, эрчим хүч, дохиолол холбоо хориглолын систем, өртөө зөрлөгийн барилга байгууламж зэрэг чиглэл бүрд шинэ технологи, инновацийг нэвтрүүлж ажилласан хамт олны төлөөллөөс ийнхүү Төрийн дээд Алтан гадас одон хүртэж байгаад баяр хүргээд, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
С.Саруулмэнд нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад радио холбооны тетра систем, скада хяналтын систем, оношилгоо үйлчилгээний системийг нэвтрүүлэхэд MNS6277 2011 стандартыг хангуулж, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажилласан, шилдэг инженерүүдийн нэг юм.
Сэтгэгдэлүүд