“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ЭНЭ ОНД 5 САЯ.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
“Тавантолгой төмөр зам” ХХК “Монголиан транс лайн” ХХК-тай “Суурь бүтэц ашиглуулах, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгууллаа. Гэрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, “Монголиан транс лайн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Балдорж нар гарын үсэг зурж, албаны бусад хүмүүс байлцав.
“Тавантолгой төмөр зам” ХХК энэ онд 5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа ба Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дуусч, төмөр замын зүгшрүүлэлтийн тээвэрлэлтийг эхлүүлсэнтэй уялдуулан тус чиглэлд 1-1,5 сая тонн ачаа тээвэрлэх урьдчилсан төлөвтэй байна. Мөн дээрх гэрээний хүрээнд суурь бүтэц эзэмшигчийн техникийн бололцоог харгалзан үзэж, тээвэрлэгчийн зүгээс СКД4В серийн нэг секцийн зүтгүүрийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн экспортын нүүрс тээвэрлэлтэд ашиглуулахаар тогтов.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар хэлсэн үгэндээ “Тавантолгой төмөр зам” ХХК 2023 онд төмөр замын тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр бодлого зорилтоо тодорхойлж, ЗТХ-ийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган батлуулсан болохыг онцоллоо. Энэ хүрээнд тус компанитай тээврийн гэрээ байгуулж, зорилтод тусгагдсан 5 сая.тонн ачааны тодорхой хувийг хамтран тээвэрлэхээр харилцаагаа эхлүүлж байгааг тодотгоод, хоёр компанийн тээвэрлэлтийн хамтын ажиллагаа аюул осолгүй, эрчимтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Монголиан транс лайн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Балдорж экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх нь улс орны нэн тэргүүний зорилго болохыг дурдаад тус компанитай хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлж, хоёр компанийн болон улс орны зорьсон зорилтыг биелүүлэхийн төлөө гар нийлж ажиллахаа онцоллоо.
Сэтгэгдэлүүд