ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

      “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд тээвэрлэлт хийх хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэгч АНУ-ын “Прогресс Рэйл” компанийн Гүйцэтгэх захирал Мумин Азамхузаев, Худалдаа, маркетингийн менежер Дмитрий Мелничук нарыг хүлээн авч уулзаж, “ТТЗ” ХХК-д нийлүүлэх зүтгүүр түрээслэх ажил удаашралтай байгаа шалтгааныг тодруулж, мэдээлэл солилцлоо. Уулзалтад, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны дарга Д.Сэрээдорж, Тээврийн удирдлагын газрын дарга Г.Цолмонбаяр, “Бодь интернэшнл” ХХК-ийн Төсөл хариуцсан дэд захирал Б.Эрдэнэбаяр болон албаны бусад хүмүүс оролцов.
        Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан түүх болон тус компани төсөл хэрэгжүүлэгчээс өдгөө тээвэрлэгч компани болж өсөн дэвжсэнийг онцлоод Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2023 онд 5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж буйг дуулгав. Цаашлаад хөдлөх бүрэлдэхүүнийг яаралтай хүлээн авч, төслийг бүрэн дуусгахыг Монгол Улсын Засгийн газраас үүрэг болгосныг тэмдэглэлээ.
   “Прогресс Рэйл” компанийн Гүйцэтгэх захирал Мумин Азамхузаев хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ач холбогдол өндөр болохыг дурдаж, энэхүү төслийн нэг хэсэг болсондоо баярлаж явдгаа онцлов. Тэрбээр ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархсанаар ажиллах хүчний хомсдол үүсгэж, улмаар сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт саатсан, мөн ОХУ, Украин улсуудын хооронд үүссэн зөрчилдөөний улмаас хөдлөх бүрэлдэхүүнийг гэрээт хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсонд хүлцэл өчив. Улмаар хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэлтийг энэ оны II улирлаас эхлэн шат дараатай эхлүүлж, 2023 онд багтаан дуусгах, мөн гэрээнд тусгагдсаны дагуу АНУ-ын туршлагатай инженерүүд ТТ-ГС чиглэлийн төмөр замын ажлын талбар дээр ажиллаж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зүтгүүрийн инженерүүдийг хамгийн шилдэг хөтөлбөрөөр 2 жилийн хугацаанд сургаж, дадлагажуулахаа онцоллоо.   

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *