ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД НУУЦААС ИЛ БОЛСОН ГЭРЭЭНҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭВ
“Тавантолгой-Гашуунсухайт”, “Богдхан төмөр зам” чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой нууцаас ил болсон 2 гэрээ, тэдгээр гэрээнд тусгагдсан төмөр замын өртөг, бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.
Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Бүрэн Эрхт төлөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Австралийн “АЕСОМ” компаниар хийлгэж, 1 тэрбум 68 сая ам.доллартай тэнцэх өртөгтэй байхаар төлөвлөсөн. Тавантолгойгоос хилийн 208 дахь километр хүртэлх урттайгаар анхны ТЭЗҮ-ийг төлөвлөсөн байсныг 2020 онд тодотгоод, хил рүү 233 болтол дөхүүлсэн. Энэ тодотголын хүрээнд гаргасан ТЭЗҮ-ийг 213 сая ам.доллар болно гэж төлөвлөсөн. Ингээд дээрх хоёр ТЭЗҮ-ийн дүнг нэгтгэвэл 1 тэрбум 282 сая ам.долларын төсөвт өртөг болохыг дурдав.
Мөн “Богдхан төмөр зам”-ын төсөл одоогоор зогссон бөгөөд батлагдсан ТЭЗҮ нь 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй. ТЭЗҮ-ийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлын шийдвэрээр баталсан гэв. Үүнийг батлахдаа тунел, эстакадан гүүрийн хэсэгт 734.6 ам.сая доллар, дээд бүтцийн гүйцэтгэлд 328.2 сая ам.доллар, доод бүтэц буюу барилгын ажлын хүрээнд 342 сая ам.долларын өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлууд бий болно гэж байлаа.
Түүнчлэн, энэ ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 100 тэрбум төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Энэ 100 тэрбум төгрөгийг “Тавантолгой төмөр зам” компанид шилжүүлж, ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн зарцуулалт гарсан байв. “Эрдэнэс тавантолгой” ХК-д 100 тэрбум төгрөгийнхөө 57 тэрбум төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн. 30 тэрбумын ажил гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээндээ 12.6 тэрбум төгрөг нь хийж байгаа ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа гэдгийг тодотголоо.
Хяналтын сонсгол нүүрс экспортлох үйл ажиллагаанд гаалийн байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод шалгалтын талаарх Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын танилцуулгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэлүүд