ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Н.МЯГМАР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

 Төрийн ордонд зохион байгуулагдсан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-д томилогдсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон ТТ-ГС чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 1 км тутамд ямар өртгөөр барьж байгуулсан талаар танилцуулав.

 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449-р тогтоолоор  “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн ажил, “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил зэрэг гэрээг төрийн нууцаас гаргаж, ил болгохыг даалгасан. 

  Үүнтэй холбоотойгоор дараах “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ мөн “Богдхан төмөр зам төслийн доод бүтэц, өртөө, зөрлөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, “Богдхан төмөр зам төслийн эстакад гүүр, туннелийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хэлэлцээр” зэрэг холбогдох гэрээнүүдийг ил тод нээлттэйгээр вэбсайтад байршуулсан.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *