ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ТӨСЛИЙГ ХУГАЦААНД НЬ ДУУСГАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2026-06-11

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.11) “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жөү Гуаньнань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилт бодит үр дүнд хүрч онцоллоо.

Зам, тээврийн сайдын зүгээс уг төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах зорилтыг онцолж, үлдсэн хугацаанд өндөр ачаалалтай, үр дүнтэй, чанартай хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг Монгол-Хятадын талд, хариуцагч компаниудын удирдлагуудад сануулж “Бидэнд идэвхтэй, оргил ачаалалтай ажиллах богинохон хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд хүн хүч, тэрэг техникийн нөөц боломжуудаа бүрэн дайчилан ажиллаж, төслийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал болохыг онцоллоо.

Мөн урин дулааны улиралд төслийн ажилд цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолон ажиллах, ялангуяа үер усны эрсдэлийг урьдчилан тооцоолж, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжийг өглөө.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан говийн бүсэд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдэд үерийн эрсдэлийг нарийн тооцоолж, барилга байгууламжийг аюулгүй найдвартай байдлыг хамгаалж ажиллах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн энэхүү уулзалтаар төслийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс, салбарын сайдын зүгээс тулгамдаж буй зарим асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдлаа. Тухайлбал, олон улсын нөхцөл байдал, үнийн өсөлт, ханшийн зөрүүнээс үүдэлтэй төслийн төсөв нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын түвшинд танилцуулах, хэлэлцүүлэх, шийдвэрлэх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж байгааг Зам, тээврийн сайд онцлов.

Мөн энэ хүрээнд Монголын талд барих хил дамнасан төмөр замын Хятадын талын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй, хүлээлттэй байгаад анхаарал хандуулж, цаг алдалгүй энэ ажлыг шуурхай эхлүүлж, дам нурууг барьж эхлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.