ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КӨЧЯНТАЙ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.
     Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдэв.
     Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцлоо. Мөн хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.
     Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцож, эдгээр боомт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв.

Эх сурвалж: www.zasag.mn

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *