ТӨМӨР ЗАМЫН ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ШИНЭЧЛЭЛ, НҮҮРС ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, Төмөр замын газрын суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат, Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын “Чайна Энержи Инвестмент Групп” ХХК-ийн дэд ерөнхий захирал Фү Жэньбан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилт, нүүрс тээврийн хамтын ажиллагаа болон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол, Хятадын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан төмөр замын холболтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Энэ хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хуваарийн дагуу дуусгаж, төмөр замын боомтын үйл ажиллагаа болон тээврийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах асуудлыг онцлон хэлэлцлээ.

Мөн хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэхтэй уялдуулан Тавантолгой уурхайгаас Тавантолгой өртөө хүртэлх салбар төмөр зам, ачилт буулгалтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техник, эдийн засгийн судалгаа, төлөвлөлтийн ажлыг хамтран эхлүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, боомтын татан авалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хүчин чадлыг үе шаттай өсгөх асуудлыг хөндлөө.

Цаашдын өсөн нэмэгдэх тээвэрлэлтийг хангах зорилгоор төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнийг Хятадаас худалдан авах, үүнтэй холбоотой санхүүжилт, экспортын зээлийн даатгал болон холбогдох хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг мөн хэлэлцлээ.
Монголын тал Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай уялдуулан Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг бусад хил дамнасан төмөр замын төслүүдийн хэрэгжилтийг үе шаттай ахиулах шаардлагатайг онцлов.

Мөн төмөр замын тээврийн тасралтгүй, аюулгүй үйл ажиллагааг хангахын тулд ажилтнуудын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах санал гаргалаа.
Талууд төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цаашдын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг үргэлжлүүлэн судалж, шийдэлд хүрэхээр тогтов.