БНХАУ-ЫН “CRRC” ГРУПП МОНГОЛ УЛСЫН ВАГОН, ЗҮТГҮҮРИЙН ЗАХИАЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ БОГИНО ХУАЦААНД ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙГОО МЭДЭГДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан өнөөдөр /2026.09.22/ БНХАУ-ын “Хятадын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний корпораци” буюу “CRRC” групп компанийн Гүйцэтгэх захирал Ван Фөнтэй уулзаж, Монгол Улсын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний санхүүжилт болон худалдан авалт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт чухал ач холбогдолтойг онцлоод, Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал эрс нэмэгдэнэ.
Энэхүү тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангахын тулд Монголын төмөр замын салбарт хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцууллаа.
Мөн Б.Дэлгэрсайхан сайд хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн дэмжлэгийг Монголын талаас “Хөгжлийн банк” болон түүний харьяа “Ди Би Эм Лизинг” ХХК, Хятадын талаас “Хятадын экпорт, зээлийн даатгалын корпораци” SINOSURE), бусад банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхээр судлаж байгааг онцоллоо.

Энэ үеэр мөн ачаа тээврийн зориулалттай вагоныг технологийн хувьд эргэдэг авто угсраа буюу шууд хөмөрч буулгах болон дугуй солих зориулалттай хийлгэх хүсэлтэй байгаагаа тодотгов.
Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр холбогдох мэдээллийг солилцож, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.
