ЗҮТГҮҮРИЙН ДЕПОГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Монгол Улсад анх удаа Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд зүтгүүрийн засварын төвийг АНУ-ын зүтгүүрт зориулан барьж байгууллаа.

Зүтгүүрийн депо нь арчилгаа үйлчилгээ, засвар хийх зориулалтын 34 тоног төхөөрөмж, 112 гар болон цахилгаан багажаар тоноглогдсон. Нийт 2125 м2 талбайд үзлэгийн 3 зам байрлах ба 6 зүтгүүрт зэрэг арчилгаа, засварын ажил хийх боломжтой.

Говийн бүсийн цаг уурын нөхцөлд тохирсон орчин үеийн хэлбэр, хийцтэй инженер, техникийн ажилчдын оффис, зэхэлтийн барилга, түлшний агуулах, зэхэлтийн саравч, технологийн цэвэршүүлэх байгууламж зэрэг цогц барилга, байгууламжуудаас бүрдсэн.

Мөн Зүтгүүрт элс, хөргөлтийн шингэн, бүх төрлийн тос тосолгооны материалыг зэхэх зориулалт бүхий барилга нь түлш, тосонд дэлгэрэнгүй шинжилгээ хийх орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторитой.

Зэхэлтийн саравчийг өртөөний зам дээр барьж байгуулсан нь өдөр тутмын арчилгаа, үйлчилгээг хослуулан хийх боломжийг бүрдүүлсэн нь төмөр замын салбарт анх удаа бөгөөд тээврийг хурдан шуурхай, тасралтгүй зохион байгуулахад оновчтой шийдэл болсон юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *