ГАШУУНСУХАЙТ БООМТ ДАХЬ “ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТЕРМИНАЛ”-ЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА

“Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор” төслийн хүрээнд Гашуунсухайт өртөөнд баригдсан “Шилжүүлэн ачих терминал” нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх зориулалттай 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай нэг цэгийн үйлчилгээ бүхий цогцолбор төсөл юм. Уг терминалыг 2 үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 1-р шатны барилгын ажлыг 2022 оны 04 дүгээр сард эхэлж 2024 оны 04 дүгээр сард дууссан.

Барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дууссантай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн А/740 тоот захирамжаар байгуулагдсан 16 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс 2024 оны 05 дугаар сарын 15-аас 16-ны өдрүүдэд Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэрт баригдсан “Шилжүүлэн ачих терминал” төслийн 1-р үе шатын барилга байгууламж, түүний холбогдох баримт бичгүүдэд үзлэг шалгалт хийлээ.

Үзлэг шалгалтын дүнгээр шилжүүлэн ачих терминалын барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах боломжтойг шийдвэрлэн байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг гаргалаа. Төслийн хүрээнд дээд, доод бүтцийн ажлууд болон барилга байгууламж, цахилгаан хангамж, холбоо дохиолол, техник тоног төхөөрөмж суурилуулалт, терминалын болон гаалийн хяналтын бүсийн талбай зэрэг барилга байгууламж баригдаж дууссан. Төслийн 1-р үе шат ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрснээр жилд 12.5 сая тонн ачааг боловсруулах чадвартай болохоос гадна 285 байнгын ажлын байр шинээр бий болох юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *