ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА...

/Хүний нутгаас эх орноо зорьж мэдсэн сурсанаа бусадтай хуваалцаж эх орныхөө хөгжил, бүтээн байгуулалтад оролцон ажиллах чин хүсэл эрзэмзэл тээсэн залуус цөөн бий. Тэдний нэгэн төлөөлөл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн логистикийн инженер Г.Байгалмаа БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА./

/Өөрийгөө танилцуулаач:/

ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг 2014 онд логистик менежмент мэргэжлээр онцлох дипломтой төгссөн. Үргэлжлүүлэн тээврийн удирдлагаар магистрын зэргээ хамгаалсны дараа ажлын анхны гараагаа төмөр замын компанийн төслийн ажилтнаар эхэлсэн. 

Ажиллах хугацаанд Япон улсад суралцах, ажиллаж амьдрах боломж олдож тус улсын тээвэр, логистикийн салбар, төмөр замын сүлжээ, хурдны галт тэрэг, метро зэргийн хөгжил, дэвшлийг илүү сонирхон судалсан.

Харин эх орондоо ирээд төмөр замын энэ их бүтээн байгуулалтад оролцох хүсэл эрмэлзэл, тэмүүлэл дүүрэн байсан. Тиймдээ ч “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллах хүсэлтээ өгч байлаа. Залуу хүмүүс ажил мэргэжилдээ дуртай, хариуцсан ажилдаа эзэн болж, зөв хандлагатай, хөдөлмөрч байх нь улс эх орныхоо хөгжилд бага ч болов хувь нэмрээ оруулж буйн илрэл гэдэгт итгэлтэй байдаг. 

/Ажлын онцлогоо танилцуулаач:/

Логистик нь өргөн хүрээтэй ойлголт. Товчхондоо аливаа зүйлийг хамгийн оновчтой, хамгийн хямд зардлаар  зөв удирдан зохион байгуулахыг хэлж байгаа юм. Харин төмөр замын салбарт төмөр замаар ачааг тасралтгүй, найдвартай тээвэрлэхэд шаардлагатай бүхий л хяналт шалгалтын уялдаа холбоог хангаж, ачааны ачилт, буулгалт зэрэг логистик үйл ажиллагаануудыг оновчтой шийдэл, хямд зардлаар, богино хугацаанд зохион байгуулах үндсэн чиглэлийг баримтлан ажилладгаараа онцлог юм.   

/Компанийн тухайд:/

Халуун дулаан уур амьсгалтай хамт олон. Залуусын хувьд хамтдаа суралцах, хөгжих бүхий л бололцоогоор хангаж дэмждэг. Төмөр замын тээврийн онцлог, цаашлаад хүний амь нас, эд хөрөнгийг хариуцан тээвэрлэлт хийж байдаг учраас асар өндөр хариуцлагатай, алдах эрхгүй ажил гэдгийг ч ойлгуулж, бэлтгэдэг гэж боддог. 

/Чөлөөт цаг нь хэрхэн өнгөрдөг вэ:/

Техник, технологи, мэдлэгийн асар хурдтай өөрчлөлтөд хөл нийлүүлэн алхахын тулд тасралтгүй суралцах хэрэгтэй мэт санагддаг.Хувь хүний хөгжил болон англи хэл, япон хэлний мэдлэгээ сайжруулах, ном унших зэрэгт чөлөөт цагаа зарцуулдаг. Мөн 2 хүүхдүүдийн хөгжил, боловсролд цаг зарцуулахаас гадна эрүүл зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршил, ногоо, жимс тарих аргуудад суралцан, хэрэгжүүлдэг. 

/Өөрийн суралцсан хамгийн чухал зүйлсээс хуваалцвал:/

  1. Цагийн юмыг цагт нь гэсэн зарчмаар аливаа ажлыг хойшлуулахгүйгээр тухай бүрт нь өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэхийг хичээдэг. 
  2. Цаг баримтлах нь өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.
  3. Харилцаа маш чухал байдаг. Эелдэг, боловсон харилцаа, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, ойлгох, хүндлэхийг чухалчилдаг. 
  4. Багаар ажиллах нь ямагт ажлын үр дүнг нэмэгдүүлдэг. Баг, хамт олны хамтын ажиллагаа нь ямар ч том ажлын ард амжилттай гарах арга зам гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *