ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА...

/Цаг ямагт сурч боловсрох, хөгжих боломжийг эрэлхийлж үндэсний их бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа олон залуусын төлөөлөл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зургийн ахлах инженер Э.Чанцалдулам ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА./ 

Өөрийгөө танилцуулаач
          Би 2009 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулагч хос мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа газрын мэргэжлийн байгууллагаас эхэлж Засгийн газар, яам, агентлагийн олон төслүүд дээр ажилласан. Яг одоогоор МУИС-ийн Хот ба бүс нутаг төлөвлөлт, Механик Инженерийн сургуульд Төмөр замын тээврийн менежментийн чиглэлээр суралцаж байна. 
2019 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр геодезийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж яваад замын салбар луу орох эхлэл тавигдсан даа. Анх компанидаа орж ирэхэд удирдлагууд маань их сайхан үнэлж, урамшуулж хүлээж авсан. Тэр эрчээрээ урамшиж, хичээж ажилласаар одоо би “Тавантолгой төмөр зам компани”-ийн зургийн ахлах инженерээр ажиллаж байна.

Ажлын онцлогоо танилцуулаач:
          Зураг төсөл нь аливаа замын шав, эхийг тавьдаг. Газар орны нөхцөл, цаг уур, хотгор гүдгэр, гол мөрөн, хүн амын суурьшил, нягтрал, нийгэм, эдийн засаг, зам харилцаа, ашигт малтмал, геологи, гидрологи гээд бүгдийг судалж шинжилж үзсэний эцэст замыг хаагуур нь яаж тавьбал ашигтай болохыг олон хувилбар зургаар харьцуулан сонгож авдаг. Олон асуудлыг зүй зохистой шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэж төлөвлөдөг, өргөн цар хүрээтэй нарийн судалгаа хийгддэг инженер хүнээс тал бүрийн өргөн мэдлэгтэй байхыг хатуу шаарддаг мэргэжил. Олон хууль, дүрэм, журам, норм, стандартыг баримталж хийгддэг учраас хувь хүнээс судлаач байдал, нягт нямбай байдал, хариуцлага, туршлага их шаарддаг.

Компанийн тухайд:
          Компаниараа бахархаж, ажилдаа дурлаж урам зориг дүүрэн ажиллаж явдаг инженерүүдийн нэг би байх. Цаг үеэ дагаад шинэчлэл зохион байгуулалтыг хурдан хийдэг. Мэдэхгүй чадахгүй зүйлээ асуух олон мундаг зөвлөхүүд, мундаг инженерүүд байдаг учир залуус бидэнд цаашид хөгжих, сурч боловсроход энэ нь маш том хөшүүрэг болж өгдөг. Өөрийн компаниа төмөр замын салбарт олон ажил, олон бүтээн байгуулалт дээр ажиллах байхаа гэж хардаг.

Чөлөөт цаг нь хэрхэн өнгөрдөг вэ:
          Ажлынхаа хажуугаар хоёр сургуульд сурдаг болохоор чөлөөт цаг их бага гардаг.  Чөлөөт цаг хугацааны ихэнхийг гэр бүлтэйгээ, хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрөөхийг хичээдэг.  Мөн ном унших, ууланд алхах, найз нөхөдтэйгөө уулзаж инээлдэж суух бас их сайхан амралт болдог. 

Өөрийн суралцсан хамгийн чухал зүйлсээс хуваалцвал: 

          1. Бусдын итгэл, хүндлэлийг даах, хариуцлагатай байна гэдэг хувь хүний хамгийн том чадвар юм боловуу гэж боддог. Ийм байх гэж их хичээдэг дээ.
          2. Аливаа зүйлээс мэдэхгүй, чадахгүй гэж хойш суухгүйгээр боломжоо ашиглаж, суралцахыг хичээдэг. Өнгөрсөнд сурч туршлагажсан бүх зүйл цаг ямагт маш их хэрэг болдог. 
          3. Хамт олондоо тустай, ямар ч ажилд сэтгэлээсээ хандаж хариуцлагатай, шударга байх нь эргээд өөрт нь олон сайхан замыг нээж өгдөг гэж боддог. 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *