“УРТ ГОЛ” ЗӨРЛӨГИЙН ДАРГА Р.НЯМАА: КОМПАНИЙНХАА ИРЭЭДҮЙГ МАШ ТОМООР, ИЛҮҮ ӨРГӨЖСӨН, ИЛҮҮ ХӨГЖСӨН БАЙГААГААР ХАРДАГ
Намрын үзлэг шалгалтын ажлын хэсэг “Урт гол” зөрлөгт ажиллаа. Зөрлөгийн өдөр тутмын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөрлөгийн дарга Р.Нямаатай ярилцлаа.
#Сур: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гүйцэтгэх захирлын нэрэмжит намрын үзлэг шалгалт энэ өдрүүдэд явагдаж байна. “Урт гол” зөрлөгийн өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж байна уу?
#Р.Н: Манай зөрлөгийн өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Нэг үгээр хэлбэл бид өвлийн тээвэрлэлт хийхэд бэлэн болсон гэсэн үг. Энэ жил бид өвөлжилтийн бэлтгэн ажлын хүрээнд зөрлөгийнхөө өнгө үзэмжийг сайжруулж будгийн ажил нэлээдгүй хийсэн. Мөн зарим нэг засварын ажлууд болон их цэвэрлэгээг тодорхой давтамжтайгаар хийж дуусгаад байна.
#Сур: Зөрлөгийн өдөр тутмын ажил хэвийн явагдаж байна уу? Тээврийн үйл ажиллааг хэвийн явуулахад ямар нэгэн асуудал, хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?
#Р.Н: Зөрлөгийн өдөр тутмын ажил хэвийн явагдаж байгаа. Манай ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж ажилладаг. Энэ тал дээр компанийн зүгээс ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангаж өгдөг. Ажилчдын хувцас хангалт болон хөдөлмөрийн хэрэгслүүдэд дутмаг зүйл байхгүй. Миний хувьд зөрлөгийн даргаар ажилладаг болохоор нормын хувцас, хэрэгсэл болон ажлын тоног төхөөрөмжид дутагдалтай, ажил хэвийн явуулахад тулгамдаж буй асуудал байхгүй гэж харж байгаа.
#Сур: Хамт олны зүгээс хийж хэрэгжүүлсэн шинэ ажил, санал санаачилгуудаасаа дурдвал?
#Р.Н: Бид энэ жил зөрлөгийн орчин тойрноо тохижуулж ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор 100 ширхэг мод тарьсан. Одоо усалгааны асуудлаа шийдвэрлүүлж гүнийн худагтай болохоор ажиллаж байна. Усалгааны асуудал шийдвэрлэгдсэний дараагаар зөрлөгөө нэлээдгүй моджуулж, дараа жилээс ногоон байгууламжаа илүү нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.
#Сур: “Тавантолгой төмөр зам” компани шинэ залуу төмөр замын байгууллага. Та төмөр замын салбарт олон жил ажилласан туршлагатай, энэ компанийн халуун гал тогоонд нь ажиллаж байгаа хүний хувьд байгууллагынхаа талаар хэрхэн бодож, дүгнэж явдаг вэ?
#Р.Н: Миний бие “Тавантолгой төмөр зам” компанид 3 дахь жилдээ зөрлөгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд төмөр замын салбарт 17 жил ажилласан ажлын туршлагатай. Энэ компанид ажиллахад миний хувьд маш урамтай байдаг. Учир нь манай компани сүүлийн үеийн шинэлэг техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Би эдгээр техникүүдтэй ажиллаж сурч байна. Хүн ер нь өдөр тутамдаа шинэ зүйлсийг үргэлж сурч байх ёстой гэж боддог. Мөн дээрээс нь дандаа залуучуудтай ажилладаг. Шинэ үеийн залуусаас суралцах зүйлс ч их байна, үүний зэрэгцээ төмөр замын салбарт удаан жил ажилласан өөрийнхөө ажлын туршлагаас тэдэнд хуваалцахад ч сайхан байдаг. Бас нэг давуу тал нь компанийн зүгээс ажиллах орчин, хувцас, багаж хэрэгслээр сайн хангадагаас гадна орон нутагт ээлжээр ажиллаж байгаа болон амьдарч ажиллаж байгаа ажилчдынхаа амьдрах орчин, нөхцөлийг бүрэн хангаж, тав тухтай амьдруулж чадаж байна гэж хардаг. Компанийнхаа ирээдүйг маш томоор, илүү хөгжсөн, илүү өргөжсөн байгаагаар хардаг даа.
#Сур: “Урт гол” зөрлөгийн байршлын онцлог?
#Р.Н: Манай зөрлөг яг “Урт гол” нэр шигээ маш гоё уудам, урт тал нутагт тодорхой хэмжээний уулаар хүрээлэгдсэн хэсэгт байршдаг. Энэхэн хэсэгт байгалийн үзэсгэлэн цогц бүрдсэн байдгаас гадна ойрхон ус байдаг. Багахан ч гэсэн уулаар хүрээлэгдсэн байдаг болохоор зам болон суваг, шуудуу элсэнд дарагдах нь бага. Үүгээрээ бусад зөрлөгөөсөө онцлог болов уу. Энэ зөрлөгтөө ажиллаж, амьдрахад их сайхан байдаг.
#Сур: Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
- Баярлалаа.
Сэтгэгдэлүүд