“DISCOVER MONGOLIA-2020” ЧУУЛГА УУЛЗАЛТ 18 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  Уул, уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2020” олон улсын чуулга уулзалт 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, ЗГХЭГ-ын дэд Б.Солонгоо, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, бусад албаны хүмүүс оролцов. 
     Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа цохон тэмдэглэв. 


         Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн чуулга уулзалт нь цар тахлын үеийн уул уурхайн хөрөнгө оруулалтын сэдвийг хөндөн ярилцаж байгаагаараа онцлог бөгөөд хөрөнгө оруулалтын давалгаа Монголыг зүглэхэд “Discover Mongolia-2020” форум эдийн засгийн чиглүүлэгч салхи болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.

     “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Дэд бүтцээр дамжуулан логистикийг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, “Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 километр төмөр замыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаагаас гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын төсөл дээр захиалагчийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа талаар товч танилцуулав. Тэрбээр цаашид зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүд дээр ажиллах сонирхолтой байгаагаа дурдаад энэ нь Сибирь, Хятадын зүүн хойд мужийн төв логистиктой холбогдож, улмаар Монгол Улс далайд гарах, өгөөжөө маш ойрын хугацаанд өгч эхлэх хамгийн дөт гарцтай болох боломжтойг онцлон тэмдэглэсэн юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *