ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ
ЭХ СУРВАЛЖ: ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР
УТАС: 7777-7724
Мэйл хаяг: info@ttz.mn
2025 ОНЫ 12-р сарын 14-ний өдрийн байдлаар төслийн явцын мэдээ
ТАНИЛЦУУЛГА
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талаар
НЭГ.Төслийн эрх зүйн гол үндэслэл
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гүүрийг хамтран барих тухай 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хэлэлцээр;
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хэлэлцээр;
- Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Ганцмод төмөр замын хөрөнгө оруулалт” ХХК нарын хооронд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээр;
- Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоол;
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоол;
- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар “Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол;
- Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар “Төмөр замын шугамын чиг тогтоох тухай” тогтоол;
- Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар “Төмөр замын барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай” тогтоол;
- Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай” тогтоол;
- Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 176 дугаар “Гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” тогтоол;
- Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК нарын хоорондын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ;
- Монгол Улсын “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК нарын хоорондын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ.
Хоёр.Төслийн ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хил дамнасан гүүрээр дамжин БНХАУ-ын Ганцмод-Ваншүйчюань чиглэлийн төмөр замтай холбоно.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 8 багц ажлаас бүрдэнэ. Үүнд:
- Төмөр замын дээд, доод бүтэц;
- Урт гүүр;
- Эрчим хүч;
- Барилга байгууламж;
- Дохиолол холбоо;
- Авто зам;
- Тоног төхөөрөмж;
- Стандарт
Энэхүү төсөл нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,4 км, дэлгэмэл урт 32,6 км, авто зам 11.5 км, нийт 19 барилга байгууламж, нийт гүүрний урт 9.4 км ба нийт трассын 48%-ийг эзэлж байна. Мөн техникийн үзүүлэлт, гадаргын хотгор гүдгэрээс шалтгаалан 31 м өндөр суурь бүтэцтэй төмөр зам баригдах нөхцөл үүссэн. Өргөн царигаар жилд 20 сая.тн, нарийн царигаар жилд 10 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно.
ГУРАВ.Барилгын ажлын явц
Тус төслийн төмөр замын гүүрэн байгууламжийн анхны шон өрөмдлөгийн ажлыг хоёр улсын хилийн 0 цэгт 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлснээр барилгын ажил албан ёсоор эхэлсэн.
2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд барилга угсралтын ажлын үндсэн суурь болох геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. /Нийт төслийн хүрээнд 11 хатуу цэг болон хаалттай бүс байгуулах талбайн хашааны эргэлтийн 170 цэгүүдийг газарт бэхэлж Ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн.
Хүлээлгэн өгсөн геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн цэгүүд нь барилга угсралтын явцад ашиглагдах үндсэн хэмжилтийн суурь болох ба үүгээр дамжуулан төмөр замын трассын байрлал, объектуудын байршил, дэд бүтцийн байгууламжууд нарийн хэмжих, барилгын ажил алдаагүй, стандартын дагуу хэрэгжих боломж бүрдэж байна.
ДӨРӨВ.Төслийн ач холбогдол
Хоёр улсын тэргүүнүүдийн 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Тус тунхаглал хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 20 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000$-т хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5%-д барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой болно.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд (Шивээхүрэн, Ханги, Бичигт)-ыг төмөр замаар холбох асуудал шийдэгдэнэ.
“Гурвыг цогцоор” гэдэг зарчмын үр дүнд 2030 оноос хойш төмөр замаар экспортлох ачаа 30 сая.тонноос дээш /20 - Чайна Энержи, 10 < - бусад/, Тавантолгойн ордын нүүрсний экспорт 70 сая.тонноос дээш /20 - Чайна Энержи, 50 < - Бирж/, жилийн нэмэлт борлуулалтын орлого 1.5 тэрбум ам.доллароос дээш үр дүн, өгөөжийг өгөх ач холболгдолтой байна.
Одоогоор Монгол Улсын нийт авто тээврийн боомтын хүчин чадал 85 сая.тн бөгөөд төмөр замын хилийн боомтууд (Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч) ашиглалтад орсноор 80 сая.тн-оор нэмэгдэж жилд экспортлох хүчин чадал 165 сая.тн-д хүртэл нэмэгдэнэ. Ингэснээр жил боомтын хил дамнасан төмөр замын тээврээр ойролцоогоор 4 тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэнэ.
Сэтгэгдэлүүд