“ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” ТӨСЛИЙГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл нь уурхайгаас олборлосон нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж, төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад томоохонд тооцогдох инженерийн төсөл хөтөлбөр юм. Төслийн ажлын явц 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 65.72%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж, энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой болно.
Ингэснээр:
- Нүүрс тээврийн задлыг бууруулах,
- Олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх,
- Байгаль орчинд ээлтэй,
- Найдвартай,
- Тасралтгүй үйл ажиллагаатай байх өндөр ач холбогдолтой.
Тус иж бүрэн төсөл нь бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий дагалдах барилга байгууламжаас бүрдэх бөгөөд жилд 20 сая тонн, цагт 3500 тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн Цанхийн уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын вагон тээвэрт ачих, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжих Нүүрс баяжуулах үйлдвэрийг түүхий нүүрсээр хангах, үүнээс гадна 2023 оны 4-р улиралд ашиглалтад оруулах уурхайгаас 12.5 км-т байрлах Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр тасралтгүй хангах, нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн чанарын дундажлалт хийнэ.
Сэтгэгдэлүүд