ГЕРМАН-ЧЕХИЙН ТӨМӨР ЗАМЫН ТУННЕЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ АВСТРИ КОМПАНИ ГҮЙЦЭТГЭНЭ
Чехийн “Správa Železnic” (SZ) болон Германы “DB NETZ” зэрэг дэд бүтцийн компаниуд хамтран Чехийн Krušne уулын төмөр замын туннелийн зураг төсөл гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Гүйцэтгэгчээр Австри Улсын “ILF Consulting Engineers Austria” компани тодорсон байна. Герман, Чехийн хотуудыг холбосон уг туннелийн зураг төслийг боловсруулж, 2024 онд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан бөгөөд гол ажил нь Дресдэн-Праг чиглэлийн хурдны төмөр замын гол зангилаа болох Крушне /Krušne/ ууланд хийгдэх аж.
Хос замтай тус туннель нь 26 км үргэлжлэх бөгөөд үүнээс 12 км нь Чех, 14 км нь Герман Улсын нутаг дэвсгэрт хамаарах юм. Уг чиглэл нь геологи, ус судлалын нарийн төвөгтэй бүсүүдийг дайран өнгөрөх тул хоёр туннелийн хооронд 500 метр тутамд гарц гаргахаар төлөвлөжээ. Крушне уулын туннель ашиглалтад орсноор Германы Элбталын төмөр замын ачааллыг бууруулах тооцоо судалгаа гарсан бөгөөд Праг-Литомор хооронд 320 км/цагийн хурдтай суудлын галт тэрэг явуулж, үлдсэн хэсэгт Чехээс Герман хүртэл өдөр бүр 150 гаруй ачааны галт тэрэг аялах юм байна.
Ачааны галт тэрэг нь Төв Чехийн өндөр уулсын хонгилоор дамжин 250 км/цаг хурдтай явах бол Крушне уулын хонгилоор 200 км/цагийн хурдтай явах боломжтой аж. Баригдаж буй төмөр замын гол шугам нь Чех Улс болон Транс-Европын төмөр замын сүлжээг (TEN-T) холбож, одоо байгаа шугамуудын хүчин чадлыг нэмэгдүүлэн, бүс нутгийн тээврийн хөгжилд томоохон дэмжлэг болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: https://zh.osjd.org/zh/8763/page/106072?id=262096
Орчуулсан: Б.Мэнд-Амар
Сэтгэгдэлүүд