С.СОЛОНГОТУЯА: ЗАМЧИД ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРЛЫН ЯМАР Ч НӨХЦӨЛД ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАДАГ
Эмэгтэй хүн замын мэргэжлийг сонгоод, гэрээсээ хол, нэг ч таних хүнгүй газар анх очиж ажиллах нь надад тэвчээр, хатуужил, хүмүүжлийг суулгасан гэж боддог. Замын мэргэжлийн онцлог нь жилийн дөрвөн улирлын ямар ч нөхцөлд үзлэг шалгалтаа хийж, замаа засварлан, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладагт оршдог. Хийж байгаа ажил маань бүгдийн нүдэн дээр ил тод, дээрээс нь хувь хүний бүтээмжийг харуулж өгдөг.
Би Төмөр замын дээд сургуулийг 2017 онд Төмөр замын барилга, замын аж ахуйн инженер мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын 3-р ангид замчнаар эхлүүлсэн. 2021 оноос “Тавантолгой төмөр зам” ХХК-даа Суурь бүтцийн газрын Зам, барилгын хэлтэст Төлөвлөлтийн инженерээр ажиллаж байна.
Манай хамт олны бүтээн босгосон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам. 1:18 маркийн суман шилжүүлэг, битүү огтлолцолтой суман шилжүүлэг, 2500-20000 радиустай тахирууд, зам төмрийн гагнуурын шинэ технологи, монголын төмөр замын хамгийн урт дам нуруут гүүр, мал, зэрлэг ан амьтан чөлөөтэй өнгөрөх нэг түвшний гарц, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хангах барилга, дохиолол холбоо, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүнийг цогцоор нь шийдсэн. Говийн бүсэд, тэр тусмаа зөрлөг дээр замчдын ажиллаж, амьдрах орчныг тав тухтай байхаар шийдэж өгсөн нь олон улсын стандартыг хангаж, төмөр замын хөгжлийг шинэ шатад гаргаснаараа ялгардаг.
“Хэн ч үзэж, шалгаагүй байхад ажлаа сайн хийсэн байхыг чанар гэнэ” гэдэгтэй би санал нийлдэг. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай тул аливаад хүлээцтэй хандан, зөв гарц шийдлийг олох нь чухал. Мөн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, үргэлж өөрийгөө хөгжүүлэн, бусдад тусалж явахыг хичээдэг.
Шинэ бүтээн байгуулалтын түүхэн хуудсыг нээж, он цагийн гэрч болон, оргилсон их хүслээр тэмүүлэн ажиллаж байгаа компанийнхаа нийт төмөр замчдадаа болон тулах багана мэт байдаг багийн хамт олон, мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүх найз, нөхдөдөө цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсч, баялгийг бүтээсэн бахархалт хамт олон байхыг ерөөе.
Сэтгэгдэлүүд