ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХҮНЭЭС ИХЭЭХЭН СОНОР СЭРЭМЖ, САХИЛГА БАТ ШААРДДАГ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн Галт тэрэгний ахлах диспетчер Б.Энхболд: ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХҮНЭЭС ИХЭЭХЭН СОНОР СЭРЭМЖ, САХИЛГА БАТ ШААРДДАГ
Миний ажил төмөр замын тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой, аюулгүй зохион байгуулах, техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг үр бүтээлтэй ажиллуулах, шуурхай удирдлагаар хангах үүрэгтэй. Хүнээс сонор сэрэмж, сахилга бат шаардсан төмөр замчин хүний хамгийн сайхан “ХИЙМОРЬТОЙ” ажил гэж боддог. Манай мэргэжлийн онцлог төмөр замчид дундаа түүчээ мэргэжил юм. Учир нь төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л алба, хэлтсийн ажлын уялдааг нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг.
Би Төмөр замын дээд сургуулийг 2007 онд ашиглалтын техникч, 2012 онд ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд, төмөр замд 15 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа УБТЗ ХНН-ийн Чойр өртөөний харьяа Шивээговь зөрлөгт зөрлөгийн жижүүрээр эхэлсэн. Чойр өртөө, Улаанбаатар өртөө, Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны харьяа захиран хуваарилах хэлтэс зэрэг газарт зөрлөгийн жижүүр, галт тэрэгний туслах найруулагч, өртөөний хөдөлгөөний техникч, өртөөний жижүүр, өртөөний дарга, галт тэрэгний диспетчер гэх мэт хөдөлгөөнтэй холбоотой бүхий л ажлыг шат дараалан хийсэн. Ажил амьдралын дөр суулгаж, багагүй туршлагатай болгосон УБТЗ ХНН-ийн хамт олондоо үргэлж баярлаж явдаг.
Манай “Тавантолгой төмөр зам” компанийн хамт олон Монгол Улсдаа анхны I зэрэглэлийн, уулзваргүй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг бүтээн босгосон. Галт тэрэгний хөдөлгөөнийг автоматаар удирдах автомат зурмагийн ГИД программ, өртөө зөрлөгийг диспетчерийн байрнаас бүрэн удирдах камерын хяналтын систем, хөдлөх бүрэлдэхүүнийг аялал дунд нь хянах, гэмтэл илрүүлэх 5Т систем, ачилтын тойрог замууд, илчит тэргийг бүрэлдэхүүнээс салгалгүй зам дээр нь зэхэлт хийх байгууламж гээд Монгол Улсдаа анхны гэсэн тодотголтой томоохон бүтээн байгуулалтыг монгол инженерүүд бүтээн байгуулсан. Хүн хүчний оролцоог хөнгөвчилсөн давуу талууд их байгаа нь бусад суурь бүтцүүдээс ялгардаг. Монгол Улсынхаа стратегийн өндөр ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэртээ ЗУРМАГААР ГАЛТ ТЭРЭГ ЖОЛООДОЖ, гар бие оролцож яваадаа бахархалтай байна.
Компанийхаа нийт ажилтан, албан хаагч хөдөлмөрч, бүтээлч хамт олондоо хос мөнгөн харгуйг түшсэн их үйлст нь аз хийморь амжилт бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэлүүд