Г.УДВАЛ: МАНАЙ КОМПАНИ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ШИЛДЭГ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ БАЙГАА НЬ БИДЭНД ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН
Миний ажил төмөр замын тээвэрлэлтийн чиглэлээр Гаалийн байгууллагатай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, дотоодын дамжин өнгөрөх манифестыг бичиж, компанидаа орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Мөн Тавантолгой өртөө, Гашуунсухайт өртөө, Шилжүүлэн ачих терминалыг хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах, бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын бүсээр зарлуулах ажлыг хариуцаж байна. Манай компани Гаалийн хяналтад байгаа улс хооронд болон дотоодод дамжуулан өнгөрүүлэх барааг тээвэрлэх тусгай эрх буюу “Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч” эрхийг 2022.09.09-нд авсан.
Би 2014 онд ОХУ-ын Г.В.Плехановын лицей сургууль, 2018 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг Тээврийн менежментээр тус тус төгссөн. Одоо ОХУ-ын Зам харилцааны их сургуульд мэдээллийн систем технологийн магистрантаар сурч байна. 2018 онд ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн туслах, 2019 онд “Оюу Толгой” ХХК-д гэрээт орчуулагч, 2020 оноос “Тавантолгой төмөр зам” ХХК-д төслийн ажилтан, 2021 оноос Гааль хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Манай хамт олон хамгийн сүүлийн үеийн шилдэг техник, технологийг ашиглаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд бүтээн байгуулж чадсан. Ингэснээр байгууллага маань бидэнд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгосон нь үнэхээр сайшаалтай.
Манай компани гайхалтай хөдөлмөрч, чадварлаг залуусаар дүүрэн, нэг гэр бүл. Бид нэг зорилго, нэг зорилтын төлөө ажиллаж, юу чаддагаа улсдаа, олон нийтэд харуулсан гэж боддог. Энэ эрчээ алдахгүй хөгжлийн төлөө, хамтдаа урагшаа.
Сэтгэгдэлүүд