Б.ТУНГАЛАГМӨРӨН: АЖИЛЛАХ ЦАГ ХУГАЦААГАА НАНДИГНАЖ, ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ДАЙЧЛАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ

/“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиалагчийн хяналтын хэлтсийн Материалын ахлах инженер/

Миний мэргэжлийн онцлог хөрвөх чадвар өндөртэй гэж боддог. Тухайлбал авто зам, барилгын салбарт хяналтын инженер, талбайн инженер, материалын инженер, гүүрийн инженер, геодезийн инженерээр ажиллах боломжтой байдаг бол уул уурхайн салбарт байгууламжийн суурь, далан, шуудуу, зам гээд бүх төрлийн шороон байгууламж болон төрөл бүрийн төмөр бетон байгууламжийн ажлыг удирдан зохион байгуулж ажиллах, харин агаарын тээврийн салбарт аэродромын барилга, засвар, арчлалтын ажил гүйцэтгэх болон бусад шороон болон төмөр бетон байгууламж гэх мэт газартай холбоотой маш олон төрлийн инженерийн байгууламжуудыг бүтээн байгуулах боломжтой мэргэжил юм.

Би ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийг 2011 онд Авто замын барилгын инженер мэргэжлээр төгссөн. Авто замын салбарт 3 жил ажиллаад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-д 2013 онд материалын инженерээр ажиллах болсноор төмөр замын салбарт хөл тавьсан. Төмөр зам шинээр барьж байгуулахад маш олон төрлийн мэргэжлийн инженерүүдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэдний мэдлэг, ур чадвар, хамгийн гол нь хамтын ажиллагаа маш чухал шаардлагатай байдаг онцлогтой юм билээ.

“Тавантолгой төмөр зам” ХХК-д 2019 оны 1 дүгээр сараас материалын инженерээр ажиллаж эхэлсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, 3 дугаар зэрэглэлийн төмөр замын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцож, дараа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлд хүчин зүтгэж явна.

Амьдралаас би цаг хугацааны үнэ цэнийг ойлгож авсан. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, тухайн цаг хугацаандаа үнэн оршиж гэмээнэ утга учиртай байдаг. Хэрвээ хайртай хүмүүс тань хажууд чинь байгаа бол энэ цаг хугацаагаа нандигнан хайрлаж, тэднийхээ төлөө чадах бүхнээ дэргэд байхад нь зориулах, ажилтай байгаа бол ажиллах цаг хугацаагаа нандигнаж, өөрийгөө бүрэн дайчлан ажиллах хэрэгтэй гэж боддог.

Бид 2019, 2020, 2021 онуудад ажлын шаардлагаар болон цар тахлын нөлөөгөөр маш олон хоногийг төслийн талбайд байрлан ажиллаж өнгөрөөж байсан. Гэр бүл шиг минь дотно санагддаг хамт олондоо эрүүл энх байж, аз жаргалтай, сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *