Д.БАЙГАЛМАА: МАНАЙ КОМПАНИ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГЛОЛООР ТОНОГЛОГДСОН ЗАМ ХЭМЖИГЧ ДЕКАРТ-2, СЭВ ШАЛГАГЧ ВД-УМТ-2 ВАГОНУУДЫГ АШИГЛАЖ БАЙНА

/”Тавантолгой төмөр зам” ХХК Суурь бүтцийн газар - Зам, барилгын хэлтэс – Зам хэмжигч вагоны дарга/

Зам оношилгооны лаборатори – Декарт болон Зам төмөр оношилгооны ВД-УМТ вагонууд нь замын байдлыг автоматжуулсан системээр цаг тухайд нь найдвартай оношилж, замын геометр хэмжээс болон зам төмрийн сэв гэмтэл, замын байдалд галт тэрэгний хурдтай уялдуулан үнэлгээ дүгнэлт өгснөөр замын урсгал болон их дунд засваруудыг төлөвлөх, замын чанарын бат бэх, чанар стандартыг мөрдөж ажиллахад маш том нөлөө үзүүлдэг. Иймдээ ч тус вагонуудад ажилладаг инженер техникийн ажилтнууд маань нарийн мэргэжлийг давхар эзэмшиж, маш сонор соргог мэдрэмжтэй байгаад зогсохгүй 1 мм алдах эрхгүй байдаг.

Би Төмөр замын техникумыг 1988 онд замын техникч мэргэжлээр төгсөж, УБТЗ ХНН-ийн Замын 2–р ангид замчин, диспетчер, Зам хэмжигч вагоны лент тайлагч зэрэг ажлыг хийж, УБТЗ-д тасралтгүй 34 жил ажилласан. Ажиллах хугацаандаа 2001-2003 онд Төмөр замын дээд сургуулийг Зам барилгын инженер мэргэжлээр төгссөн. 2022 оны тавдугаар сараас “Тавантолгой төмөр зам” ХХК-д Зам хэмжигч лаборатори – Декарт вагоны даргаар ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол инженерийн онцгой шийдлүүд шингэсэн бүтээн байгуулалт. Энэ том төсөлд залуустайгаа гар, сэтгэл нэгдэн ажиллаж байгаадаа би маш их баяртай байдаг. Хамгийн сүүлийн үеийн тоноглолоор тоноглогдсон “Зам хэмжигч Декарт-2” вагон, “Сэв шалгагч ВД-УМТ-2” вагонуудыг ОХУ-аас оруулж ирж, замын байдал болон зам төмрийн сэв гэмтэлд оношилгоо дүгнэлт хийж байгаа нь манай компани төдийгүй Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

Монгол орны эдийн засгийн судас болсон төмөр замын салбарт шинэ өөрчлөлт, шинэ сэргэлтийг авчирч, Монголын анхны уулзваргүй, 1 дүгээр зэрэглэлийн замыг бүтээн байгуулж, ашиглаж, арчилж байгаа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийнхаа хамт олонд болон монголынхоо нийт төмөр замчдын цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Ган зам зурайж, галт тэрэг хурдалж байг.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *