
БҮРЭН АВТОМАТ АЖИЛЛАГААТАЙ ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа. Уг төв нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай юм.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 89 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 08 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 27-ний өдөр ашиглалтад орууллаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашиглалтад орж буй “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” нь нийт дамжлагаараа цагт 3500 тонн, хоногт 64,000 тонн буюу жилд 20 сая тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулахаас гадна 1 вагонд 60 секундэд ачилт хийх хүчин чадалтай.
Дэвшилтэд техник, технологид суурилсан энэхүү логистикийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Аудитын газрын дарга Х.Мөнхжаргал, “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, Өмнөговь аймгийн удирдлагууд болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Төслийн үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Уг байгууламж ашиглалтад орсноор ачилтын хүчин чадал 2 дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тээврийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэх боломжтой болж байгаа юм. Бид нүүрс тээврийг авто тээвэр болон төмөр замын тээврээр хослуулснаар улс эх орны эдийн засгийн үр өгөөж нэмэгдэн, Монгол иргэн бүр байгалийнхаа баялгийн үр өгөөжийг илүү хүртэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Тиймээс “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” нь маш чухал ач холбогдолтой төсөл юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр:
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь нэг вагонд ачиж буй нүүрсийг хамгийн богино хугацаанд буюу 60 секундээс бага хугацаанд ачиж байгаагаараа онцлог. Ингэснээр экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх цаашлаад Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр зам, хил холболтын төмөр замуудыг хамгийн өндөр хүчин чадлаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх томоохон үр өгөөжтэй юм. Манай компанийн хувьд өөрсдийн бүтээн байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хамгийн үр өгөөжтэй ашиглах нөхцөл бололцоо бол энэ нүүрс ачих ачилтын тоног төхөөрөмжүүд юм. Богино хугацаанд нүүрсийг вагонд ачна гэдэг бол нэг талдаа тариф буурах, Монгол Улсын татварын орлого илүү хуримтлагдах нөхцөл бүрдэж байгаа хэрэг юм” хэмээн онцлон дурдлаа.
Тавантолгойн бүлэг ордын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг төмөр замаар хурдан, хямд өртгөөр, байгальд ээлтэй, үр ашигтай тээвэрлэхээс гадна логистикийн үйлчилгээний нэмүү өртгийг шингээх үндэсний хэмжээний томоохон цогцолбор төсөл юм.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлогдсон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.
Сэтгэгдэлүүд