
ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН, “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АХМАД ИНЖЕНЕР Х.ЧИНБАТ АЖИЛТНУУДАД “ХҮН БАЙХЫН УЧИР” СЭДЭВТ ЛЕКЦ УНШЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, “Байгууллагын соёл, ёс зүйг дээшлүүлэх” арга хэмжээний удирдамжийн дагуу компанийн хэмжээнд байгууллагын соёлыг дээшлүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулсан. Уг төлөвлөгөөний хүрээнд “Байгууллагын соёл, ёс зүйг дээшлүүлэх” ажлын хүрээнд Хүндэт төмөр замчин, манай компанийн ахмад инженер Х.Чинбатыг урьж “Хүн байхын учир” сэдвээр нийт ажилтан албан хаагчдад лекц уншлаа.
Ахмад инженер Х.Чинбат гуай залуу үеийнхэндээ өөрийн төмөр замтай анх холбогдсон түүхэн дурсамж, 50 жилийнхээ ажлын туршлага, хийж гүйцэтгэсэн, гар бие оролцсон бүтээн байгуулалт, төслүүдээсээ танилцуулан, “Хүн байхын учир” юунд оршдог тухай, амьдралын үнэт зүйл, эрхэм зорилгынхоо талаар ярилцлаа.
Миний хувьд төмөр замын салбарт 50 гаруй жил ажилласнаас сүүлийн 5 жилийн хугацаанд залуу үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн, шинэлэг техник, технологийн гайхамшгийг мэдэрсэн, хамгийн дурсамжтай, бахархууштай сайхан он жилүүд байсан. Шинэ зүйлийг хийж бүтээнэ гэдэг их сайхан байдаг юм байна. Монголчууд 1 км төмөр зам тавьж чадахгүй гэж ярьдаг байхад бид бүхэн 230 км төмөр зам тавьчхаад эргэж хараад хамт олноороо болон өөрөөрөө үнэхээр бахархаж байлаа. Бүтээн байгуулалт гэж юу байдгийг бид бүхэн энэ өнгөрсөн 5 жилд харж чадлаа.
Залуучууд та нарыгаа үлдсэн амьдралдаа өөртөө болон үр хүүхдүүддээ өөрийнхөө тухай дурсах ярих зүйл үлдээх хэмжээнд ажиллаж, амьдраарай гэж захих байна. Энэ бол хүн байхын учир юм болов уу гэж би хувьдаа боддог. Мөн өөрийн үнэт зүйл, ирээдүйн өвөө бүтээхийн төлөө соёл, ёс зүй, эерэг хандлага, эрдэм мэдлэг, ажлын дадлага туршлага, үнэ цэнээрээ гэрэлтэж яваарай гэж захимаар байна хэмээсэн юм.
Сэтгэгдэлүүд