МЭНДЧИЛГЭЭ
Монгол улсад төмөр замын тээврийн салбар үүссэний түүхт 86 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК үүсэн байгуулагдсаны 6 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын халуун мэндийг Монголын төмөр замын тээврийн салбарын хөгжлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжлан яваа нийт төмөр замчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Төмөр зам хүрсэн газар болгондоо хөгжил дэвшил, эдийн засгийн хурдацтай өсөлтийн үрийг тарьж байдаг билээ. Тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ шаардлагаар төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ачаа тээвэр, зорчигч тээврийн сүлжээг улам өргөтгөх зайлшгүй нөхцөл үүсэж, бүтээн байгуулалтын ажил тасралтгүй амжилттай өрнөсөөр байна.
Манай хамт олон өөрийн эзэмшлийн суурь бүтцээр энэ онд 2.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өсөж, компанийн эхний хагас жилийн цэвэр ашиг өмнөх мөн оны үеэс 16 дахин давж биелэн, жилд 20 сая тонн нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай бүрэн автомат “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Шилжүүлэн ачих терминал”, “Хөдлөх бүрэлдэхүүн засварын төв”-ийг ашиглалтад оруулан, Америкийн Нэгдсэн Улсын “Progress Rail" компанийн гол замын SD70Ace/LW серийн 10 зүтгүүрийг хүлээн авч, 6 зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүлсэн амжилттайгаар Төмөр замчдын мэргэжлийн баяраа тэмдэглэж буйдаа баяртай байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай хэлэлцээр” амжилттай хийгдсэнээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж 70 гаруй жилийн дараа манай улс урд хөрштэй төмөр замаар холбогдох 2 дахь гарц нээгдэх суурь тавигдсаныг онцлон тэмдэглэе.
Биднийг тал бүрээр дэмжин, хамтран ажилладаг байгууллагууд, компанийнхаа нийт инженер техникийн ажилчид, хөдөлмөрч бүтээн байгуулагчид, түүх бүтээсэн залуустаа гүн талархал илэрхийлье.
Талын Монгол оронд минь ган зам зурайж, галт тэрэг гялалзаж эхэлсэн тэр цагаас хойш улс орны хөгжлийн түүчээлэгч байсаар ирсэн төмөр замын салбарынхандаа бахдам амжилт, бахархам үйлс нь мөнхөд үргэлжлэх болтугай хэмээн хүсэн ерөөе.
МОНГОЛ ОРНЫ ТӨМӨР ЗАМЫН САЛБАР УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИЖ, УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ТЭТГЭХ ГАН ЗАМ МӨНХӨД ЗУРАЙЖ БАЙХ БОЛТУГАЙ!
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР
Сэтгэгдэлүүд