Б.БОЛОР-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ 2022 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил багагүй хугацаанд зогссоны дараа үргэлжилж байна. Ямар хугацаанд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа вэ?

-Энэ төслийг 2012 оны зургаадугаар сард анх хөрсийг нь хуулж байсан. Харамсалтай нь 2015 оноос хойш таван жилийн хугацаанд сул зогссон. Харин 2018 оноос “Тавантолгой төмөр зам” компани хариуцан үргэлжлүүлж байна. 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ бол онцлог ихтэй, маш том бүтээн байгуулалт. Монгол Улсад анх удаа тавьж байгаа уулзваргүй, нэгдүгээр зэрэглэлийн зам. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн зам бол гуравдугаар зэрэглэлийн зам. Энэ утгаараа хийх ажилбар нь газар шорооны ажил гэхэд л Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замаас 1.5 дахин их. Хүмүүс болохоор адилхан гэж ойлгодог юм шиг байна лээ.

-Газар шорооны ажлыг нь удаан хугацаанд зогсоосонтой холбоотойгоор өмнө хийсэн зарим ажил нь эвдэрч сүйдэж үр дүнгүй болсон хэсэг бий юү?

-Ингэж удаан хугацаанд ажил нь зогссоноос болоод өмнө нь хийсэн газар шорооны ажилд тодорхой хэмжээгээр эвдрэл гэмтэл үүссэн. Газар шорооны ажлаа бүрэн дуусгаж хамгаалалтуудыг хийгээгүйгээс болж байгаль, цаг уурын нөлөөгөөр эвдэрсэн. Бид энэ онд үргэлжлүүлэхээсээ өмнө нөхцөл байдлыг нь хөндлөнгийн компаниар тодорхойлуулж хүлээж авсан. Эвдрэл гэмтлийг нь засах ажил 96 хувьтай явж байна. Мөн хамгаалалтын ажлуудыг нэмэлтээр хийж байгаа.

-Өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийн дагуу ажиллаж байгаа юу?

-2012-2015 онд 208 км замын газар шорооны ажил 86.6 хувь хийчихсэн байсан. Манай компани түүнээс цааш барих замд ТЭЗҮ-ийн тодотгол хийлгэсэн. 208 км-ээс цааш 31 км зам тавина. Мөн ачих хэсэгт найман км төмөр зам тавина.

Энэ замыг БНХАУ-ын талаас тавьсан замтай холбоход хүндрэл үүссэн, шууд холбох боломжгүй, зөрчихсөн гэсэн мэдээлэл байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Бид техникийн шийдлүүдээ гаргаж төмөр замаа холбохоор төлөвлөн ТЭЗҮ ч үүний дагуу хийгдсэн.

-Монголчууд өөрсдөө төмөр замаа тавьж байгаагаас гадна гар аргаар төмөр зам тавьж байгаа. Энэ нь техник, тоног төхөөрөмжийн оролцоо багатай ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Манай төслөөс өмнө “Болдтөмөр Ерөө гол” компани Төмөртэйн орд руу гараргаар төмөр зам тавьсан туршлагатай. Манай төсөл мөн гар аргаар замаа тавьж байгаа ч тодорхой хэмжээний тенхик, тоног төхөөрөмж ашиглаж байна. Техник ашигласнаар илүү давуу талтай болох юм.

-Ингэж ажиллахаар өдөрт хэдэн км төмөр зам тавих боломжтой вэ?

-Өдөрт дунджаар 1.2 км төмөр зам барих боломжтой. Гэхдээ газрынхаа онцлогоос хамаараад энэ хэмжээ хэлбэлзэнэ. Энэ жилийн тухайд 100 орчим км зам тавина гэж төлөвлөсөн.

-Уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлогтой гэсэн. Мэргэжлийн бус хүмүүс уулзваргүй төмөр зам гэдгийг сайн ойлгохгүй. Уулзваргүй гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?

-Галт тэргэнд суугаад явахаар “Түг, түг, түг” гээд дуугардаг шүү дээ. Энгийнээр тайлбарлахад тийм дуугүй зам гэсэн үг. Улаанбаатар төмөр зам компанийн ашиглаж байгаа төмөр замд 50 орчим км уулзваргүй зам байдаг. Харин манай зам бол бүхэлдээ уулзваргүй. Уулзвартай, уулзавргүй замын ялгаа их. Төмөр замын эвдрэлийн 60-80 хувийг уулзаврын эвдрэл, гэмтэл эзэлдэг. Тэгэхээр уулзваргүй зам тавьснаар төмөр замын эвдрэл гэмтэл буурч, үүнийг дагаад арчилгааны зардал ч багасна.

"Үндэстний тойм" сэтгүүл 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *